Х.Ариунбаатар: Хэвлэлийн эрх чөлөө ерээд оны үеэс дордсон

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийн босгон дээр сэтгүүлч Х.Ариунбаатарыг дугаарынхаа зочноор урьсан юм.

-2013 оны туршид Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэж байгаа. Хэвлэл мэдээллийн гал тогоонд цөөнгүй жил “чанагдаж“ байгаа хүний хувьд танд олон сонин сайхан дурсамж байдаг болов уу?

-Миний ээж сэтгүүлч хүн байсан. Хэнтий аймгийн “Урагшаа” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар насаараа ажилласан. Би 1987 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд ээжийнхээ үзгийг өвлөж, хөдөөний сониноос эхлээд төвийн өдөр тутмын томоохон сонинуудад ажиллаж байгаад сүүлийн үед цахим мэдээллийн талбарт залуучуудтай хамтран зүтгэж байна. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн халуун тогоон дотор 20 гаруй жил “чанагдаж” явна. Сэтгүүлчийн мэргэжил бол элдэв төлөвлөгөө гаргаж, тайлан тавиад байдаггүй цаг үетэйгээ зуузай холбоод ажлаа амжуулж явдаг сайхан мэргэжил. Эргэж харахад ул мөр нь дандаа олны нүдэн ил байх юм даа. 1998 онд анхны 12 нүүртэй нийгэм, улс төрийн “Парламент” сониныг үзэг нэгт нөхдийн хамт үүсгэн байгуулж, хожим англи хэл шинжлэлийн доктор З.Ганчимэгтэй хамтран Tne Brain Bread буюу “Тархины талх” гэсэн нэртэй сэтгүүлийг монгол, англи хэл дээр эрхлэн гаргаж байлаа.

-Тэр үеийн сэтгүүл зүйг одоогийнхтой харьцуулбал...

Намайг анх “үзэл суртлын фронтын байлдагч” болж байхад хэдийгээр нэг намын хүлээсэнд байсан ч хөдөө гадаа их явж, амьдралын гүнээс мэдээ сурвалжлагаа бичдэг, ганц ч үг үсгийн алдаа гаргах эрхгүй хатуу хариуцлага үүрдэг байлаа.

Ерээд оноос Монголд чөлөөт хэвлэл үүсч хөгжихийг нүдээр үзэж, гар бие оролцож явлаа. Анх хэвлэлийн бирж гэдэг сонин сэтгүүл борлуулдаг газрыг түшиглээд бичсэн мэдээ материалаа худалддаг, түүнийг нь авч шар сонин гаргадаг сүлжээ бий болсноор чөлөөт хэвлэлийн суурь тавигдсан юм. Хуучин хэвлэлийн комбинатын хашаан дотор байсан “Хэвлэлийн бирж”-ийн давчуухан цагаан байшин их л уран бүтээлч уур амьсгалтай байж билээ. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч, төр, засгийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор төрийн төв хэвлэл “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” зэрэг сонин сэтгүүл хаагдаж, тэдний суурин дээр хараат бус чөлөөт хэвлэл идээших сайхан боломж нээгдсэн. Хуучны том сонинуудын гал тогоо, шкоол дээр шинэ үеийн олон залуу сэтгүүлч өсч бойжсон доо. Одоо зарим нь хэдийнэ шонхрууд болж, бусдыгаа түүчээлж явааг харахад урамтай байдгийм.

Бас сэтгүүлч мэргэжлийн ямар ч дөргүй хүмүүс сонин сэтгүүл, радио телевиз байгуулан ашгийн төлөө яваад байгааг харахад гутамшигтай санагддагаа нуугаад яахав. Сэтгүүл зүй бол дан ганц мөнгөн дээр тогтдог салбар биш шүү дээ. Ардчиллын 20 гаруй жилд сэтгүүлчдийн нийгэмд байгуулсан ял, гавъяа хоёр яг тэнцэнэ гэж заримдаа өөрийн эрхгүй боддог. Мундахгүй хог тарьсан даа. Одоо шүүрдэх цаг болж.

-МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн багш нарын эмхэтгэсэн “Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн” гэсэн номонд Таныг орон нутгийн хамгийн анхны хувийн теле суваг байгуулсан гэж бичсэн байна. Хэдэн он юм бэ?

-1992 онд Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд ажиллаж байхдаа орон нутагтаа теле нэвтрүүлэг бэлтгэж явуулахаар нэг студи маягийн юм байгуулахаар зүтгэсэн юм л даа. Тэгээд тэр жилийнхээ наадмын дараа “Ар-Ма” гэдэг теле төв байгуулан Хууль зүйн яаманд бүртгүүлж, 012 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авлаа. Тэр үед шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Эрэл” гэдэг хоршоо телевизийн нэвтрүүлгийн монтаж хийдэг нэг тоног төхөөрөмж борлуулж байсан юм. “Даатгал” банкнаас зээл авлаа. Аймгийн намын хорооны видео камертай нэг нөхөр, нэвтрүүлэг унших банкны ажилтан нэг эмэгтэй, дүрслэх урлагийн салбарын зураач бид хэд нийлээд нэвтрүүлгээ бэлтгэнэ. Үг үсгийг нь хатуу цаасан дээр бичиж байгаад зургийг нь авч харуулна. Өндөрхаан хотын баруун хойд толгой дээр Монгол телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг Брежневийн бэлэгний радио релейний том станц байсан юм. Тусдаа дизель станцтай том эд ээ. Тэндээс л видео хуурцганд хуулсан нэвтрүүлгээ приставкаар уншуулж байгаад дамжуулна даа. Зөвхөн аймгийн төвийнхөн л үзэх боломжтой. Дур дураа голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр Өндөрхааныхан ч аймгийн телевизийн нэвтрүүлэг үзнэ гээд андахгүй. Одоо бодоход ичмээр дамшиг даа.

-Таны бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө ямархан байна вэ?

-Шуудхан хэлэхэд ерээд оны үеэс арай дордсон шүү. Олон улсын байгууллагууд Монголыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж үзээд байгаа биз дээ. Эрх чөлөөтэй ч юм шиг, эрх чөлөөгүй ч юм шиг. Улстөрчид хэвлэлийн эрх чөлөөг “хагаслахад ихээхэн хувь нэмэр оруулсан”. Эрх мэдлээрээ гул барьж, мөнгөтэй лобби бүлгийнхээ халааснаас эздийг нь угжиж, нийгэмд эрүүл агаар нэвтрүүлэх үүд хаалгыг аль болох хааж боосон. Мөнгө, эрх мэдэл хоёр нийлэхээрээ юунд ч хүргэж болдгийг бид өдөр алгасахгүй илэрч байгаа зохион байгуулалттай том том гэмт хэргийн жишээнээс бэлээхэн харж байна шүү дээ. Их мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ажиллагсадтай нь хамт улаан цайм худалдаад авчихдаг болсон. Хэний хоолыг идэж байна, түүний төлөө хуцна гэгчээр муусайн ядуу сэтгүүлчид нохойн амьдралаар амьдарч байна. Гэхдээ тэд цалингаа чамласан багш нарын, эмч нарын тэмцлийг дэмжиж бичдэг мөртлөө өөрсдийнхөө төлөө ганц ч үг ганхийдэггүй хачин хүмүүс.

-Телевизийн салбарын тухайд...

Сүүлийн үед телевизүүд арьсаа хамгаалсан олигархиудын гарт улам бүр шилжсээр байна. Тэд бас бусдыг айлгаж дарамтлах зэвсгээ болгож байна. Өнөөдөр телевизийн хөтөлбөртэй танай сэтгүүлийг эргүүлж үзэхэд яг 31 суваг гарч байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд, тэр дундаа Улаанбаатарт ихэвчлэн нэвтрүүлгээ цацдагийг нь тооцвол хүн галзуурмаар. Олон нийтийн үндэсний радио, телевиз гэж ярьдаг атлаа дарга нар нь дандаа сонгуулийн дараа ялсан намын томилгооны хүмүүс болдог. Цаашид улс төрийн далд томилгоогоор тавигдсан даргатай, төрөөс өгдөг төсвийн мөнгөөр амьдрах юм бол хараат байдлаасаа хэзээ ч гарч чадахгүй л дээ. Яахав эрх баригчдад таатай л байдаг юм байгаа биз, үзэгчдэд бол үндэсний телевизээс үзэх юм олддоггүй ш дээ. Америкт олон нийтийн радио, телевиз нь Засгийн газраас шууд мөнгө авах юм бол хараат байдлаас гарч чадахгүй гэж үзээд ашгийн бус Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпораци гэж байгуулан санхүүжилтийг нь дамжуулан олгодог юм билээ.

-Таны дүгнэлтээр бол базаахгүй л дүр зураг тодроод байх чинь...

Ер нь Монголын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг эрхэм гишүүн, сэтгүүлч Г.Уянга Bataar.mn сайтад өгсөн ярилцлагадаа голоор нь хэлчихлээ дээ. Тэр “Миний хувьд нэг зүйлд эмзэглэж гутарсан. Энэ нь Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл С.Баярцогтын мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн байна. Хэвлэлийн эрх чөлөө нь С.Баярцогтын мөнгөний хажууд бол өчүүхэн зүйл болсон байна. С.Баярцогт гишүүнтэй холбоотой эрс хатуу байр сууриа илэрхийлж байгаа гишүүдийн үг элсэнд ус дусаасантай адил живж өнгөрсөн. Ийм байх юм бол Монголд хэзээ ч шударга ёс тогтохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө хэн нэгэнд худалдагдаж байгаа юм бол хэнээс ч шударга ёс нэхэх шаардлага байхгүй” гэсэн байна лээ. Хатуу үг шүү.

-Монголын цахим сэтгүүл зүйн ертөнцөд Bataar.mn гэсэн вэбсайт хүч түрэн орж ирлээ. Сайтынхаа нэр болоод зорилгын талаар товч танилцуулж болох уу?

-Мэдээж Батаарыг мэдэхгүй монгол хүн байхгүй. Иймээс монголчуудын сэтгэлд дотно юм. Ер нь Тираннозавр Батаар бол байгалийг цэвэрлэдэг хурд, хүчтэй, үнэ цэнэтэй амьтан байсан. Энэ утгаараа нийгмийг эрүүлжүүлэхэд Bataar.mn их үүрэг гүйцэтгэнэ гэсэн зорилго тавьж байгаа. Бид өглөө болгон 9.00-9.30 цагийн хооронд “Нэг минут-Нэг мэдээ” булангаараа 30 шинэ шинэ мэдээ уншигчдадаа хүргэж байна. Цаашид энэ давтамжийн хугацааг сунгаж, илүү олон мэдээ нийтлэх болно. Манай уриа бол цахим сэтгүүл зүйн хурд. Зөв бичих дүрэм, найруулгын элдэв бөөс хуурстай мэдээ материал бичиж нийтлэхгүй байх зарчмыг ягштал баримтална. Мэдээж сэтгүүлчийн ёс зүйг сахиж, сэтгүүл зүйн түвшинд ажиллах нь хэвлэл мэдээллийн аль ч байгууллагын үүрэг мөн. Нийгэмд бугшсан авлига, ашиг сонирхлын зөрчил бол манай сайтын байнга хөндөх сэдэв байх юм.

Манай сайтын дэргэд Батаар. Онлайн ТВ ажилладаг. Үйл явдлын халуун мөрөөр газар дээрээс нь бодитоор дамжуулахын тулд аль болох дүрстэй мэдээ мэдээлэл хүргэхийг анхнаасаа зорьж, үр дүнд хүрч байна. Хэрэглэгчид маань ам сайтай байгаад залуучууд маань ч урамтай байгаа.Уншигчдыг ихээхэн цангаадаг хөдөө орон нутгийн амьдралын мэдээг тогтмолжуулахыг хичээж байна. Удахгүй Монгол Улсын нийгмийн амьдралын бүтэн дүр төрхийг Bataar.mn-ээс төвөггүй харж болно гэдэгт итгэлтэй байна. Манай дэлхийн мэдээг МОНЦАМЭ-гийн ахмад туршлагатай редактор Я.Сүхбаатар, шижигнэсэн залуу сэтгүүлчдийн маань хамт шуурхай бэлтгэж байгаа болохоор өөх, мах нь алагласан шинэхэн эрүүл хүнс л гэсэн үг. Удахгүй Тиранозавр Батаар ч Монголдоо эргэж ирнэ.

Ярилцсан М.Энхээ

Эх сурвалж: “ТВ 7 хоног” сэтгүүл

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих