Улсын нууц задруулагчид

Үндэстэн, угсаатныхаа эрх ашгийг хөндөж, улсын нууц задруулсан гэх хэргүүд сүүлийн үед чих дэлсэх болсон. Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол Улсын төрийн нууцыг задруулсан гэх 10 орчим хэрэг байдаг юм.

Эдгээр хэргүүдийг эргэн сөхвөл, төрийн тусгай хүчний гүйцэтгэх ажилтан, өмгөөлөгч зэрэг олон хүн сэжиглэгдэн шалгагдсан. Харин гэм буруутай нь тогтоогдож шүүхээр шийтгүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Г.Баатар, өмгөөлөгч Л.Санжаасүрэн нар байдаг.

Төр ард түмнийхээ эрх ашгийн эсрэг гэх гэмт хэрэгт холбогдогсдын хэргүүдийг эргэн санацгаая.

Ц.Нямдорж буюу Л.Гүндалайгийн дэлгэсэн 45 хуудаст материал

2003 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Гүндалай хятадын тагнуул хэмээн цоллож, уг мэдээллийг нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Г.Баатар нотолж байсан билээ. Тэд эрхэм гишүүнийг БНХАУ-ын гүйцэтгэх албаныхантай холбоотой гэх 45 хуудас бүхий баримтыг олон нийтэд дэлгэсэн нь багагүй шуугиан тарьсан. Энэ асуудлыг тухайн үед хууль тогтоох байгууллагынхан шалгасан ч төд удалгүй намжсан юм.

Тагнуулын дарга долоон жилийн ялаар шийтгүүлэв

УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн тэргүүн дэд сайд Ц.Нямдоржийг БНХАУ-ын гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай 1992 оноос 2002 оныг хүртэл ажилласан байж болзошгүй гэсэн мэдээлэл 2002 онд Тагнуулын ерөнхий газар авсан байдаг.

Уг мэдээллийн дагуу тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Г.Баатар Аюулгүй байдлын зөвлөлд уг хэргийг танилцуулж, цаашид шалгах нь зүйтэй гэсэн горимын саналаа хэлсэн гэдэг. Гэтэл энэ асуудал удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болсноор Тагнуулын ерөнхий газрын даргын албыг хашиж байсан Г.Баатар өөрөө гүйцэтгэх албаныханд улсын нууц задруулсан гэх хэргээр шалгагдсан. Түүнийг хууль хяналтын байгууллагынхан гэм буруутай хэмээн үзэж, долоон жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

Сөрөг тагнуулын газрын дарга гурван жилийн ялаар шийтгүүлэв

2004 онд Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэргээр гурван жилийн ялаар шийтгүүлсэн. Тэрбээр нэгэн өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татагдсан Д.Энхбатыг Францаас хулгайлан авч ирэхэд манай улсаас Франц, Бельги, Герман улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон. Д.Энхбатыг ийн хулгайлан авч ирээд манай гүйцэтгэх албаныхан зодож, тамлан “С.Зориг агсныг алснаа хүлээж 500 сая төгрөгтэй бол эсвэл Ч.Энхтайван /Цагаан шонхор/-ыг алсан хэмээн мэдүүл” гэсэн гэх мэтчилэнгээр сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн. Түүний энэ үйлдлийг хууль шүүхийнхэн улсын нууц задруулсан хэмээн үзсэн билээ.

Нийгмийн аюулаас хамгаалах яамны мэдээлэгчдийг Дарь.Сүхбаатар илрүүллээ гэв

Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Дарь.Сүхбаатар Ардчиллын 10 жилийн ойгоор архивын материал бүрдүүлнэ хэмээн Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлэгчийг илрүүллээ гэх дуулиан дэгдээсэн. Энэ хэрэгт тухайн үеийн парламентын хэд хэдэн гишүүний нэр дурдагдаж багагүй асуудал үүссэн ч тэгсгээд намжсан билээ.

Дипломатын хүү улсын нууц задрууллаа

Дипломатч Д.Цахилгааны хүү, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын охид улсын нууц задруулсан гэх хэргээр шалгагдсан. Тэднийг Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаархи баримт бичгийг авсан, үүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаалтнуудад цахим шуудангаар илгээсэн, энэ нь улсын нууцад хамаарах асуудал байсан хэмээн шүүхээс үзэж, Ц.Жаргалсайханыг таван жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Харин Б.Байгалийг уг хэрэгт холбогдолгүй хэмээн үзсэн. Одоо Б.Жаргалсайхан магадлангаар суллагдаад байгаа.

Тагнуулын хурандаагийн хэрэг хэрэгсэхгүй боллоо

Эх орноосоо урвасан гэх хэргээр Сөрөг тагнуулын газрын албаны дарга асан В.Нямханд шалгагдан, шүүхийн шатанд явж буй билээ. Дэд хурандаа В.Нямханд ажлаасаа чөлөөлөгдсөн байх хугацаандаа БНХАУ-ыг зорьсон юм. Улсын нууцыг хадгалах газарт ажиллаж байсан ямар ч этгээд ажлаас чөлөөлөгдснөөс гурван жилийн хугацаанд хилээр нэвтрэх эрхгүй байдаг учиртай. Гэтэл дэд хурандаа В.Нямханд уг заалтыг зөрчин урд хөршийг зориод зогсохгүй БНХАУ-ын гүйцэтгэх албаныхантай уулзсан гэх мэдээлэл гарсан. Түүнд холбогдох хэргийг удтал шалгасан ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод байна.

Л.Чойсүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтад буцлаа

Улсын нууц задруулсан гэх хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхэд шалгагдаж буй Л.Чойсүрэн гэгчийн талаар мэдээлэл одоогоор хараахан хангалттай биш байгаа. Түүнд холбогдох хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна.

У.Жигүүр

  //

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих