Бөх ерөнхийлөгчтэй болцгооё

Монгол бөх Гиннесийн номонд бүртгэгдэж, дэлхий дахины элдэв хачин, марзан, хачирхалтай зүйлсийг бүртгэх бүртгэлд оров. Үнэхээр ч монгол бөх марзан юм. Ямар нэгэн боловсролын үнэмлэх, мэргэжлийн диплом, эрдэм мэдлэгийн зэрэг цол хамгаалах шаардлагагүйгээр ямар ч цагдаагийн болон цэргийн цол, улс төрийн албан тушаал хүртэж болдог цорын ганц спорт.

Түүнээс гадна Монголын Үндэсний бөхийн Улсын аварга гэдэг цол бол шууд УИХ-ын гишүүн гэсэн үнэмлэхтэй тэнцэх хэмжээний цол. Ийм цолтой байхад эрдэм мэдлэг, элдэв олон сургалт, өчнөөн жилийн нөр их хөдөлмөрөөр эзэмших боловсрол энэ тэр огт хэрэггүй. Бүдүүн хадуун дэвээд, шаваад, өрөөд, суйлаад, түрээд бусдыг унагаж чаддаг байхад л хангалттай. Ард түмэн түүнд нь баясаад шууд л УИХ-ын гишүүн болгоно.

Өнөөдөр монголчууд улс төрийг үндэсний бөхөөсөө ялгаж, салгаж ойлгох хэмжээнд хүрээгүй байна. Нялх ард түмэн гэдэг энэ. Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэдэг шиг улс үндэстэн ийм дээрээ л учраа олохгүй бол цаашдаа бусдын өгөөш болох амархан гэдэг.

Өдөр болгон шахуу барилдаж буй бөхчүүд хаана, хэдийдээ, ямар боловсрол эзэмшээ вэ гэдэг л сонин байна. Өнөөдөр дэлхий нийт боловсролыг шүтэж байна. Эрдэм мэдлэгтэй боловсролтой хүн улс орныг төдийгүй дэлхий нийтийг урагш нь хөтөлж байна.

Биеийн бөхөөр ганцыг, эрдмийн хүчээр мянгыг дийлнэ хэмээн сургасан эзэн Чингис хааны сургаал байдаг гэдгийг ч сануулах юун. Уг нь монгол хүн бүхэн Чингис хэмээн цээжээ дэлддэг, омогшдог. Гэхдээ ядаж Чингис хаан гэдэг хүн юу хэлж, юу захиж байсныг хальт боловч гадарладаг бол бага ч атугай мэдлэг болохсон доо.

Монгол бөхийн дэвжээнд аваргалж байсан Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болж, Баабартай үзэлцэв. Сүмо бөхийн дэвжээнд барилдаж байсан Кёкүшүзан Батбаяр УИХ-ын гишүүн болж дөрвөн жил улс төрд суралцах гэж үзэв. Өдгөө тэрээр Ерөнхий сайдын зөвлөх хийж буй. Харин юу зөвлөдгийг нь ёстой л чөтгөр бүү мэд.

Уг нь Монголын улс төрд сүмо хэрэггүй л юмсан даа. Насаараа сүмод барилдсан хүн, эрдмийн тэнхимд суралцсан хүн ертөнцийг үзэх үзлийн хувьд ч, гаргалгаа, сэтгэлгээ, мэдлэг, түүнд задлан шинжилгээ хийх дүгнэх, цэгнэх чадварын хувьд ч тэс өөр гэдгийг хүн бүхэн мэднэ. Улс төр гэдэг хүнээс ухаан, эрдэм мэдлэг шаардана уу гэхээс бүдүүн хадуун зүрх зориг, бяр хүч шаарддаг цаг өнгөрсөн. Ер нь ямар ч цаг үед хүний оюун ухаан бүхнийг залж, чиглүүлж, улс орныг удирдаж, оюун ухаанд шүтсэн улс орон хөгжиж байсныг дэлхийн ч, Монголын ч түүх харуулна.

Их Эзэн Чингис хааны шадар сайдууд ямар хүмүүс байсныг эргээд нэг саная. Найманы Тататунгаа, Кидан үндэстэн Елюй Чуцай, ухаан сэргэлэн боол Сорхан Шар, Уруудын Мухулай гоо ван зэрэг ойр, хол овог аймгийн эрдэм мэдлэгт хүмүүс байв. Харин энд нөгөө хүчтэй, бөх тэх болсон Бэлгүдэй, Хасар мэт нэр нь үл гарна. Гэтэл тэр цаг үед биеийн бөх хамгийн эрхэм чухагт тооцогдож байсан цаг үе билээ.

Хүмүүн төрөлхтөн биеийн муйхар бярыг эрхэм болговоос эвдрэлийн үүд нээгдэж, ардын сэтгэл гутаж, эрдэм мэдлэг, эв хүчээр бус бүхнийг бяр хүчээр шийдэхийн муйхар зөнд автаж буйн илрэл тэр болой. Бид өөрсдөө ийн тодорхойлоход эмзэглэх хэрэггүй болжээ. Монголын үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн болов. Энэ бол Сонгинохайрханчуудын хийсэн сонголт. Монгол Улсын заан Долгорсүрэн Монголын циркийн зөвлөх болов. Монголын цагдаагийн болон хилийн цэргийн, онцгой байдлын хурандаа, хошууч, ахмад Монгол Улсын аварга, заан, гарьд, начин, харцага тэр гээд л хөвөрч өгнө. Улс орны чухал албан тушаалд бөх тэх голдуу нөхдүүд томилогдож эрдэм номын ширээ дамжсан эрдэмтэн мэргэд хойшоо, хойд насандаа бөх бол гэх нь холгүй аашилна. Хүү төрвөл эрдэм сур гэхээсээ илүүтэй бөх болж, УИХ-ын гишүүн болохыг ерөөнө. Хүн төрөлхтөний явж буй замаас тэс өөрөөр биеийн бярыг эрхэмд шүтнэ.

Хамгийн ухаантай хүмүүс бол Увс аймгийнхан гэж би хэлнэ. Монгол Улсын далай даян, дархан аварга Х.Баянмөнхийг УИХ-д сонгож гаргаж ирээгүйд нь, биеийн бяраас ухааны бяр илүү гэдэгт шүтсэн сонголтод нь баяр хүргэе.

Залуу насандаа бөх өтөлсөн насандаа УИХ-ын гишүүн байна гэдэг өөрөө марзан бөгөөд жинхэнэ Гиннесийн номонд орох жишээ биш гэж үү. Спорт улс төр хоёр нэг хөнжилд, нэг сонголтод, нэг зиндаанд байна гэдэг өөрөө хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг юм. Эмгэнэл бол үнэн бөгөөд гашуун түүхээс эхэлдэг.

Гашуун түүхийн сонголт бол эмгэнэл байдаг. Улс орныхоо хөгжлийг номын дуу дутуу дулимагхан сонссон хэдэн бөхчүүддээ даатгачихаад санаа амар зуныхаа зугаалгад гарах гэж байгаа ард түмэндээ шорвог үг хэлээд ч сонсох нь өнгөрсөн юм шиг. Дараа жилийн наадам, УИХ-ын сонгууль хоёр зэрэг болвол аймаг, сумаас тодорч буй залуу хүчтэнүүд УИХ-д олноор орж ирж, УИХ-ын тэнхим бөхчүүдийн бие халаалтын өргөө болж томсох байх даа хөөрхий. Улс төргүй, бөхтэй Монголын төлөө ардчиллыг бид сонгосон юм биш үү.

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих