Энэ онд Хятад руу 9.2 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэх боломжтой

Энэтхэгийн “IGC” /Indian Globalization Capital/ компани Төв Азид хэрэгжүүлж буй дунд хугацаат стратегийн төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдэгджээ. “Stockhouse.com”-ын мэдээлж буйгаар, тус компани Монгол, Хятадын хилийн зурваст тээврийн зангилаа байгуулсан аж. Үүгээр дамжуулж нийлүүлэгчид төмрийн хүдэр, бусад түүхий эд, баяжмалыг Хятад руу хүргэх бөгөөд дэлхийн хамгийн том зах зээлд нэвтрэх томоохон хаалга болж чадсан байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам, далайн тээврээр ирж буй ачааг хэрэглэгчдэд шууд хүргэдэг.

Одоогоор “IGC”-ийн тээврийн зангилаагаар ихэвчлэн төмрийн хүдэр зөөж байгаа бөгөөд тус компани нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах зарчмаар хамтран ажилладаг аж. Хамгийн гол нь, тус компани Монголоос нийлүүлэх төмрийн хүдэрт ихээхэн ач холбогдол өгч буйг энд онцолжээ. Тодруулбал Монгол Улс агууламж их, өндөр чанартай хүдрийн баяжмалыг их хэмжээгээр нийлүүлэх боломжтойн зэрэгцээ Хятадтай хиллэдэг учраас тээврийн зардал хямд тусна. Өнгөрсөн оны байдлаар манай улс “IGC”-ийн тээврийн зангилаагаар дамжуулж 5.75 сая тонн төмрийн хүдэр урагш гаргасан аж. Харин энэ онд энэ хэмжээ 61 хувиар буюу 9.2 сая тонн болж өснө гэжээ. “IGC”-ийн гүйцэтгэх захирал Рам Мукундагийн хэлж буйгаар Монголын талын өнөөгийн хүчин чадлаар сард 8000-12000 тонн хүдэр нийлүүлэх боломжтой юм байна.

 

Сэтгэгдэл бичих