Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлаар ярилцав

БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны саяхан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Түркийн Ерөнхий сайд нарын ярилцаж, тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 4 дүгээр сарын 29-30-нд Түркийн нийслэл Анкара хотод ажиллав.

Тэрбээр Түркийн Нийтийн орон сууцны барилгын удирдах газрын дарга Ахмет Карабел болон тус газрын удирдах ажилтнуудтай уулзаж, Улаанбаатар хотод гэр хорооллыг дахин төлөвлөж, нийтийн орон сууцны томоохон хорооллуудыг барих, дагуул хотуудыг байгуулах, тэдгээрийн дэд бүтцийг шийдвэрлэх зорилтын талаар ярьж танилцуулав.

Хоёр улсын Ерөнхий сайд нарын өгсөн чиглэлийн дагуу орон сууцны барилга барихад Түркийн Нийтийн орон сууцны барилгын удирдах газартай хамтран ажиллах, түүний туршлагаас хуваалцах, зарим хорооллыг байгуулахад Түркийн компаниудыг оролцуулах асуудлыг хэлэлцэв. Мөн орон сууц барих санхүүжилтийн эх үүсвэр олох, түүний янз бүрийн хувилбарыг ашиглах, орон сууцны үнийг урьдчилан төлөвлөх тухай ярилцаж, санал солилцов.

Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа ОББЭ Элчин сайд Б.Батхишиг оролцож, саяхан Анкарад болж өнгөрсөн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болон Түркийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлалын дүнгийн тухай мэдээлэл өгөв.

Түүнчлэн, БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг Түркийн Үндэсний Их Хурлын  ордонд хүлээн авч уулзав.

Р.Эрдэнэбүрэн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны саяхан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр гүйцэтгэсэн зарим ажлын талаар мэдээлж, орон сууцны барилгын салбарт хамтран ажиллахад санхүүжилтийн асуудал тулгарч байгааг хэлэв.

Ерөнхий сайд Р.Т.Эрдоан уг асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд холбогдох банк болон албаны хүмүүстэй уулзаж ярилцахыг зөвлөв.

Мөн өдөр Р.Эрдэнэбүрэн Түркийн Эксим банкны дэд захирал А.Метинтэй уулзаж, Улаанбаатарт барих орон сууцны хорооллын барилгын санхүүжилтийн талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Түрк улс нь томоохон хотуудынхаа хуучин хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны шинэ хороолол барих талаар ихээхэн туршлага хуримтлуулсан бөгөөд зөвхөн сүүлийн 10 жилд 500.000 гаруй айлын шинэ орон сууц барьж ашиглалтад оруулжээ.

Н.Энхээ

Сэтгэгдэл бичих