“Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүдийг дэмжлээ

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр бусад улс оронтой харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах тал дээр анхааран ажиллаж байна.

Гадаад харилцааны яамны мэдээллээр Хонг Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байгаагаас гэмт хэргийн сэжигтнээр хоёр иргэн саатуулагдан шалгагдаж, 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хоригдож байна. Хонг Конгийн Шилжилт хөдөлгөөний албанаас гаргаж өгсөн мэдээллээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын 23385 иргэн Хонг Конгт зорчжээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсэд 2012 оны 11 дүгээр сард хийсэн айчлалын үеэр Хонг Конгийн талтай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, төслийг хүргүүлжээ. Хонг Конгийн тал хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, хариу төслөө ирүүлснийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг судалж, энэ оны 5 дугаар сард Хонг Конгийн талтай хэлэлцээ хийн эх бичвэрийг тохиролцсон байна.

Засгийн газрын хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих