500 мянгаа аваагүй хүмүүс энэ сард мөнгөө авна

Хүний хөгжил сангаас 2010 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувь олгохоор болсон билээ. Одоогийн байдлаар иргэн бүр 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь аваад байна. Харин хувь, хишгээ хүртэж амжаагүй иргэдэд нөхөн олгох ажил энэ сард явагдаад дуусах юм. Дээрх онуудад хөрөнгө мөнгөний асуудлаас зарим иргэнд өгч чадаагүй хувь хишгийг 2013 онд олгохоор Улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгасан байна. Тийм учраас энэ ондоо хувь хишгийг нөхөж олгох ажил дуусгавар болно.Тэгэхээр иргэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор аймаг, дүүргийнхээ Нийгэм халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж, 500 мянган төгрөгөө авах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэдэд хүний хөгжлийн сангийн мөнгөө авахад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна.Дээрх хугацаанаас хэтэрвэл 500 мянган төгрөгийг дахин олгох боломжгүй. Харин үлдсэн нэг сая төгрөгийг “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа хэлбэрээр авах юм. Гадаадад байгаа иргэд хамгийн түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Хэрэв шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол тухайн улсынхаа Элчин сайдын яамны Консулын газраар итгэмжлэх хийлгэн, Монголд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулан авах боломжтой гэнэ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих