Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шүү

Олон нийтийн газар, ер нь Улаанбаатар хотод хүмүүс бие биетэйгээ харьцаж байгаа, зарим бизнесийн салбарт гарч байгаа хүмүүсийн хоорондийн харилцаа зэргийг хараад үнэхээр сэтгэл зовж, өөрийн эрхгүй бухимдал төрдөг юм. Бид яг яаж яваад ийм их уур бухимдалтай бас дээрээс нь бусдийг үл хундлэх, танихгүй хүнийг дайснаа гэж бодох сэтгэлгээтэй болчихов доо гэж дотроо тунгаан боддог. Хаалгаар гарахдаа урдаас нь том зүйл тэвэрсэн хүн орж байвал хэнэгч үгүй шууд дайраад гарна, хаалгаар орохдоо хойноосоо орж ирж яваа хүний өмнө тас хийтэл хаалгаа савна, лифтэнд орохдоо шууд чихэж орно, дэлгүүрт танд үйлчилж байгаа худалдагч таньтай наймаагаа хийж дуусаагүй мөртлөө урдуур дайрч юм асуусан хунд шууд үйлчилж эхэлнэ, гудамжинд алхаж яваа эмэгтэйг өдөж хоргоох элдэв үгээр хэлж шоолох бол бараг энгийн үзэгдэл болсон гэхэд болно.

Зөв шаардлага тавьсан хүнийг элдэв үгээр харааж зүхэн маш муухай байдалд оруулна. Ер нь Монголд хүний тавьсан шаардлагыг ухаалгаар хүлээж авдаг хүн үлдээгүй гэж бодогдмоор, зам тээврийн хөдөлгөөнд ялимгүй алдаа гаргасан нэгнийгээ цонхоороо адгийн муу үгээр харааж зүхнэ, хүнсний бараа тарааж байгаа тэрэгнүүд дэлгүүрийн хаалганд шууд хөндлөн тулгаж тавиад бараагаа буулгаж эхэлнэ. За ингээд тоочоод байвал барагдахгүй биз ээ.

Би саяхан дэлгүүрт баахан сагстай бараатай очерлож байтал миний ард нэг ах нэг шил ундаа бичүүлэхээр ирсэн юм. Би тэр хүнд “Та миний урдур ороод бичүүлчих ээ , олон бараатай болохоор таныг хүлээлгэх байх” гэж хэлээд урдаа оруулсан юм. Тэр хүн надад дахин дахин “баярлалаа” гэж хэлж байсан. Дэлгүүрээс гараад миний сэтгэл санаа ч хүртэл сайхан байсан. Бид өдөр болгон нийгмийн харилцаанд орох болгондоо ингэж хүлээцтэй, бусдад анхаарал тавьж хандвал бидний ажил үйлс хүртэл бүтэмжтэй байх болно гэдэгт би итгэлтэй байдаг.

Нэг сая хүн амтай Улаанбаатар хотыг дэлхийн хэмжээний том хот боллоо гээд л зарлаад байдаг. Гэтэл үнэндээ тэр том хотод маань замын соёлын талаар юу ч байхгүй. За тэгээд миний бичиж байгаа хүндлэх ёсны талаар бол бүр нойл заачихсан. Одоо л бодоход сайн, сайхан амьдралын нэгэн гол хөшүүрэг нь хүндлэл юм байна.Эхнэр нь нөхөр өө, нөхөр нь эхнэрээ, аав нь хүүгээ, хүү нь аавыгаа, найзыгаа, мэргэжил нэгтнээ, гудамжинд явж байгаа ядарсан эмээг, нооройсон өвөөг, гал голомтоо, төр улсаа, эх нутагаа, эр хүнийг, эмэгтэй хүнийг гээд л. Их л олон зүйл байна даа. Хараад байх нь ээ, бусдыг хүндэлж чаддаг хүн л өөрийгөө хүндлүүлж чаддаг юм байна. Бид ер нь их чөлөөтэй өссөн, хэтэрхий чөлөөт сэтгэлгээнд автсан, хэт орчин үежсэн, ёс жаншлыг хуучинсаг үзэл гэж ойлгодог болсон өөрсдийгөө маш боловсон гэж ярих боловч цагаа тулахад хамгийн бүдүүлэг, нүдний шилтэй, өсгийтэй туфльтэй, алтан гинж, хөх жинстэй л залуус болцгоож дээ.

Ахмадаа хүндэтгэх харилцаа маш чухал, цаанаа том соёл. Тийм ч учраас ахмад үеэрээ бахархах, үлгэр дуурайлал авах үзэл, тийм боловсрол монголчуудын бас нэгэн соёл уламжлал болсоор ирсэн. Гэхдээ бас нэг зүйл байна аа. Хүний хүндлэл даадаггүй, өөрөө болж байвал өрөөл бусад нь огт хамаагүй, нэг ёсондоо хэнхэг залгасан өвгөчүүл бас олон. Хатуухан хэлэхэд үүнийг буруу зөнөх гэж нэрлэдэг юм. Өчигдөр гэрээс гараад ажилдаа явахаар автобусанд суулаа. Замын түгжрэл, зайгүй чихэлдэх олон хүмүүс дунд цухалдаж байсан ч дараагийн буудлаас суусан саарал цувтай өвөө жинхэнэ “цухал” төрүүлчихэв.

Хаалгаар орж ирээд л хамгийн эхэнд суусан бүсгүйг чирэх шахам угз татан “Алив суудлаа тавьж өгөөч. Ахмадаа хүндэлж мэдэхгүй юм одоогийн хүүхдүүд. Мэдлэгтэй мэдлэгтэй л гэдэг. Мэдэж байгаа нь өчүүхэн” гээд л учиргүй загнах нь тэр. Одоогийн хүүхдүүд гэж зах замбараагаа алдчихсан юм. Муусайн юмнууд хэмээн бүдүүн шар хүүхэн хачир нэмэрлэв. Эхлээд хүнийг хүндэлж байж дараа нь хүнээр хүндлүүлэх хэрэгтэй баймаарсан. Залуу хүн байж хэлүүлэлгүй суудал тавиад өгөх нь яасан юм гэж хэлэх л байх. Гэхдээ зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шүү дээ.

Б.Цовоо

Сэтгэгдэл бичих