Ерөнхий сайдыг шуудай нүүрсний үнээр хуураад байна уу

“Шинэчилж шийдье 222” уулзалт энэ сарын 5-нд болсон. Энэ уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг жишиг дөрвөн аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч орон нутагтаа хийсэн бүтээн байгуулалтынхнь талаар мэдээлэл сонссон билээ. Уг уулзалтад Ховд. Баян­хонгор, Төв, Өвөрхангай аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Тухайлбал ху­далдаа эрхлэгчдэд з­о­риулж 8200 м2 талбайтай би­түү худалдааны төвийг ирэх арванхоёрдугаар сарын 25-нд хүлээлгэж өгөхөөр ажил­лаж байгаа. Уг төвийг байгуулснаар 600 гаруй хүн ажлын байртай” болно гэсэн юм.

Мөн хажуугаар нь “Би тонн нүүрсний үнийг 40 мянгаар бууруулж чадсан” гэдгээ Н.Алтанхуяг сайдад хэлнэ билээ. Ерөнхий сайдын нүүрэнд баярын мишээл тодорч “Та нар ганцхан намайг нүүрс ярьдаг гэж бодож болохгүй. Энд бас нададтай адилхан нүүрс ярьдаг хүн гарч ирж байна. Сайн байна шүү” гэж ирээд бараг л алаг таших нь дутуугүй хүлээж авна билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат мөн л “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлжээ. Ингэхдээ шуудай нүүрсний үнийг 4500 төгрөг хүртэл буулгасан гэнэ. Зах зээлийн үнээс 2500 орчим төгрөгөөр хямд тусч байгаа юм л даа. Энэ нь мөн л С.Насанбат даргын Ерөнхий сайдаас авах оноог нэмэх ганц боломж болов.

Түлээ, нүүрсний төлөөх дайн эхэлж буй энэ цаг үед аймгийн Засаг дарга нар нүүрсний үнийг хэн сайн бууруулсанаараа хүч сорьдог болов. Бүр шуудай нүүрсний үнийг бууруулах хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байх юм. Засгийн газрын тэргүүнд ч энэ нь их тааламжтай байгаа даг шүү.

Тэгвэл өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Дундговь аймагт ажиллахдаа С.Сүхбаатар даргыг “Нүүрсний үнэ өндөр байгаа нь чиний муугийнх”, “Танай аймагт нүүрс үнэтэй байхад чинь гадаад руу яваад байхдаа яадаг юм” гэж ирээд л уцаарлаж байгаа харагдсан.

Ер нь бол Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын тэргүүндээ таалагдахын тулд нүүрсний үнэнд л анхаарлаа хандуулдаг болсон гэх. Учир нь Ерөнхий сайд нүүрс нь л үнэтэй байвал тэр аймгийн Засаг даргын ажилд муу тавьж байгаа юм гэсэн. Н.Алтанхуяг сайдын дандаа нүүрс ярьдаг халдвар нь аймгийн Засаг дарга нарт халдчихав уу. Эсвэл Засаг дарга нар ажил хийсэн гэж харагдахын тулд шуудай нүүрсний үнээр Ерөнхий сайдыгаа хуураад байна уу.

Б.Цовоо

Сэтгэгдэл бичих