2.3 тэрбумын үнэтэй сувдан эдлэл хулгайлсныг илрүүлэв

Манай улсын иргэд гадаадын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийх нь ихэссэн байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын “Шинжинь” хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлсаныг УМБГ илрүүллээ.

Тэд Монгол улсын нутаг дэвсгэрт хулгайн эд зүйлээ хууль бусаар нэвтрүүлэн, өөрсдийн орон байрандаа хадгалж байжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм хэмжээтэй 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу “амитис” гэж нэрлэгддэг чулууг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Энэ нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөрдөн байцаалтын явцад иргэн Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь тогтоогдсон аж. МөнМонгол улсын иргэн Д нь өнгөрсөн оны 5-6 сард Хонконгт зохиогдсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирсэн байсныг шалгаж байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих