Төсвийн мөнгө цагаан, төрийн түшээдийн нүд улаан

2012 оны УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулж, “Шударга ёс” эвсэлтэй хамтран шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэн байгуулсан даруйдаа эрхэм гишүүдийн жилдээ тэрбум төгрөг халаасалдаг буруу жишгийг хална хэмээн “хэцүү ангийнхан” цовоо дуугарч байсан билээ. Гэвч нэгэн жилийг ардаа орхисны дараа хуучны муу аргад нэлээд гаршсан бололтой. Мөнөөх гишүүдийн гэсэн тодотголтой тэрбумыгаа авах санаачлагыг сурагч Д.Ганбатаар гаргуулж, анги хамт олноороо баталж орхисныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар дуулгав.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг авлигажсан төсөв гэсэн шинэ нэр томъёо хүртэл гаргаж, тэвчиж болох зардлуудыг хуу танана гэсэн боловч тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэл шуналыг хязгаарлаж чадсангүй. Аанай л 2013 оных шиг данхайсан төсөв болж, Төсвийн байнгын хороо болон Ажлын хэсэгт ойр дөт байсан эрхмүүд илүү дутуу юм хумсалж чадахаар тусгасан нь нэгэнт нууц биш болж. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын буянаар Архангайнхны амны хишиг шовойж, Говьсүмбэрт Ж.Батсуурийн бяр эрс дутсаны харгайгаар дөнгөж хоёр тэрбумтай хоцорч байхшив. Төсвийн мөнгө цагаан, төрийн түшээдийн нүд улаан болсон цаг.

Хэдэн жилийн өмнөөс дутуу баригдсан 240 обьектын санхүүжилтийг царцаасан авч байшингийн дээвэр солих, автомашин авах, заалны барилга засварлах гэх мэт тулга тойрсон зардлууд арилаагүй нь 2016 оны сонгуульд гарах нүхээ засч эхэлсэн сүйхээтэй хүүхдүүдийн овсгоо ажээ. Тэрбумыг халааслах гишүүд баярласандаа цалинг 10 хувиар нэмэх, оюутнуудад сар бүр 70200 төгрөг олгохоор сохроор баталж орхилоо. Хуц, ухна хурга, ишигний зовлонг мэдэхгүй гэгчээр муусайн дунд сургуулийн хүүхдүүд автобусны кондукторуудад мөнгө нэхүүлж алуулах шахаж явдгийг ямар тэд харсан биш. Харин сонгуульд санал өгдөггүй учраас улстөрчдийн хараанаас гадуур өнгөрдөг хөөрхий хүүхдүүд минь.

“Хэцүү ангийнхан” ирэх жил ам.долларын ханшийг 1384 төгрөгт барихаар тооцоолсон нь ёстой хачирхалтай. Одоо 1738 төгрөг болчихоод байхад энэ бол ёстой солиотой мөрөөдөл. Тэгээд ч Монголбанк 2013 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогодоо инфляцийг найман хувьд барьж, 2014 онд бүр долоон хувь руу оруулна гэсэн чинь яалаа. Одоо болохоор хойтон жил хоёр оронтой тоонд оруулахгүйг бодноо хэмээн хоёр алхам хойшоо ухарсан байгаа. Энэ янзаараа бол ирэх онд төсөв сувайрч, төсөл л саамшрах бололтой.

Ааяа доктор

Сэтгэгдэл бичих