Цасгүй л өвөлжиж байвал болох уу

Өвлийн улирал эхэлмэгц хүн бүрийн хамгийн их санаа зовдог асуудал бол халтиргаа гулгаа. Энэ улиралд бид уран гулгалтын спортоор хичээллэхэд алзахгүй болдог гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэлчүүдийг цас, мөсгүй өвөлжүүлэх гэж багагүй ажлыг хийж байгаа аж. Албаныхны хэлснээр энэ жил нийслэлийн зам, талбайд цацахаар 1000 гаруй тонн давс нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт орсон цаснаар 130 орчим тонныг нь хэрэглэсэн гэнэ.

Үүнтэй зэрэгцээд нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийнхэн ч өвлийг өнөтэй давхаар чамгүй бэлтгэл хийснээ дуулгаж байна. Тус нэгтгэл нь Улаанбаатарын төвийн хэсгийн 260 км зам буюу Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүрийн цас, мөсийг хариуцаж халтиргаа гулгаа үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах ажээ. Тус байгууллагын хувьд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг Камаз маркийн таван машин, бодис цацах төхөөрөмж суурьлуулсан зургаан портер,нэг автотрейлер, хоёр ковш , хоёр hino маркийн машинтайгаар ажиллах аж.

Мөн цас их хэмжээгээр орж машин хүрэлцэхгүй тохиолдолд портер дээр давс ачижхүрзээр цацдаг хуучны аргаа хэрэглэх тухайгаа мэдээлсэн. Гэхдээ энэ аргаа хотын төв бус гэр хорооллыг зам дээр хэрэглэх юм гэсэн. Түүнчлэн урьд жилүүдэд зам цэвэрлэгээний ажилчид буюу шар хантаазтанууд цас, мөс цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний машины ажилтнууд гээд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүч нэмэхээр болжээ. Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас, мөс хайлуулах уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд туршилт нь амжилттай байвал үргэлжлүүлэх юм байна.

Хэдийгээр албаныхан ийм мэдээллийг өгч буй ч иргэд “Цасгүй л өвөлжиж байвал гээд хаа хамаагүй давс, бодис хайр найргүй цацдаг. Тэр нь эргээд сөргөөр нөлөөлдөг” хэмээн шүүмжилдэг. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн шөнө орсон цасыг хайлуулах гэж шалбааг болгож орхисон. Цас хайлуулах бодис нь машин дээр буучихвал арилдаггүй, толбо үлддэг гээд л. Энэ тухай албаны хүмүүсээс тодруулахад “Цас хайлуулах бодисыг энэ өвөл нийслэлийн хэмжээнд 540 орчим тонныг хэрэглэхээр нөөцөлсөн. Манай улс энэ бодисыг Хятад болон Оросоос авдаг. Уг бодис нь хүний биед ямар нэг хор нөлөөгүй” гэлээ.

Гэвч ургамал, зүлэг, ногоог үхэлд хүргэх аюултай. Учир нь энэ бодист давсны төрлийн олон элемент 70 хувь нь кальцийн хлор, 30 хувь нь натрийн хлороос бүтсэн. Хужиртай газар дэрснээс өөр ургамал ургадаггүй. Гацуур, нарс, улиас, шар хуайс, бургас бол бүрчургадаггүй. Тэгэхээр давс нь ургамалд хэрэгтэй бичил биетүүдийг устгаж, хөрсний органик чанарыг алдагдуулдаг байна. Мөн давс нь усыг шингээдэг бөгөөд зүлэг, мод ургаж буй хөрсөнд цацаад байвал ургамал ус чийгээр дутагдаж аажмаар үхдэг байна. Химич, биологчид хүртэл “Давс бол хүчил. Ургамлын үндсийг түлнэ гэсэн үг” хэмээн зөвлөдөг гэж байна. Иймээс иргэд дээрх бодисыг хаа хамаагүй цацаж байна хэмээн шүүмжилж харин хот тохижилтынхон замын цасыг арилгаж байгаа нь энэ гээд хаа хамаагүй цацаж байгаа нь нууц биш. Бид энэ талаар Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргалаас тодруулахад, “Бид ТҮК-ийн ажилчдад цас хайлуулах давс, бодисыг цацахдаа зүлэг, ногоо руу хаяхгүй байх, мөн зам дээр цэвэрлэгээ хийгээд овоолсон цас, мөсийг ногоон байгууламж руу хаяхгүй зориулалтын цэг дээр асга гэсэн үүрэг даалгаврыг өгч, анхааруулж байгаа” гэсэн.

Б.Цовоо

Сэтгэгдэл бичих