"Зорилготой хүн тоглоомд толгойгоо мэдүүлэхгүй"

Ар гэрийн амьдрал нь хэцүү, хоёр идэхгүй хоосон хонохгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа ч хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө тэмцэж, хичээллэж, зүтгэж байгаа нэгэн хүүг энэ удаа ярилцлагынхаа буланд урилаа. Өсвөр насны хүүхдүүдэд үлгэр дуурайлал болохуйц зөв сайхан яриатай энэ хүүгийн яриаг та бүхэнд хүргэж байна.

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Баярсүрэнгийн Бат-Очир гэдэг. 16 настай. 52-р сургуулийн 11-р анги.

-Байт харваагаар хэзээнээс хичээллэж байгаа вэ?

-2011 оноос эхэлж хичээллэсэн. Манай сургууль дээр сургалт болоод гэнэт миний сонирхлыг татсан л даа. Тэгээд энэ спортоор хичээллэмээр санагдсан. Нарийн талдаа, дэг журамтай спорт.

-Энэ хугацаанд ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

-2013 онд Олон улын хүүхдийн дөрөвдүгээр их наадам гээд болсон. Тэр наадмаас хувиараа алтан медаль, багаараа хүрэл медаль авсан. Бас 2013 оны заалны улсын аваргаар алтан медаль, багаараа хүрэл медаль авсан. Саяхан өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Амжилт гаргаж чадсангүй ээ. Гэхдээ цаашид зөндөө тэмцээн уралдаанд оролцоно. Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ тэмцээнд явахад намайг тусалд дэмжиж, гурван сая төгрөгөөр санхүүжүүлсэн “Хаан даатгал” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэнд маш их баярлалаа. Би мөнгө төгрөг олдохгүй болоод бараг тэмцээнд явахаа болих гэж байхад надад тусалсан. Бас Монголын байт харвааны холбооны нарийн бичгийн дарга н.Амаржаргал, хоёр дасгалжуулагчдаа баярлалаа.

-Энэ спортын онцлог юу вэ, тамирчнаас юу шаардах вэ, хэцүү юу?

-Хэцүү байх эсэх нь хувь хүний онцлогоос шалтгаална л даа. Биеийн хүч, хөлрөх чадвар, хамгийн гол нь ухаан их шаардана. Нэлээд юм бодож харвана шүү дээ. Бас анхаарал төвлөрүүлэх чадвар сайн, тэвчээртэй, намбатай болдог. Энэ спортоор хичээллэж байгаа хүмүүс муу амьдардаггүй гэж боддог. Хувь хүн талаас нь сайн үлгэр дуурайлал үзүүлдэг спорт. Тиймээс цаашид хичээлэсээр л байна. Амжилтад хүртэлээ.

-Чамайг тэмцээн уралдаанд оролцохоороо гэрийнхэээд хөрөнгийг ломбарданд тавьж мөнгө олдог, санхүүгийн хувьдсайнгүй гэж сонссон?

-Ар гэрийн амьдрал хэцүү байдаг. Би одоо аав, ах, дүүтэйгээ хамт амьдардаг. Ээж гурван жилийн өмнө нас барчихсан. Аав маань нэг компанид харуул хийдэг. Ах маань энэ жил сургуулиа төгссөн. Одоо ажил хайгаад л байгаа. Харин дүү аравдугаар анги. Тэмцээн уралдаанд орох болохоор мөнгөний хэрэгцээ гараад асуудал их байдаг. Нэг тэмцээнд оролцохын тулд аав маань гэрээ зарж мөнгө олж байсан юм билээ. Би мэдээгүй байсан. Сүүлд гэрээ зарсныг нь мэдсэн.

-Амьдарч байсан гэрээ юу?

-Манайх яармагт байшинд байдаг. Тэгээд хураалтай байсан гэрээ зарчихсан. 2010 оны аравдугаар сард ээж маань өвчний улмаас нас барсан юм. Хүнд өвчтэй байсан ч гэсэн эмч нар бас их хатуу үгтэй байдаг юм билээ.Ээж маань сэтгэл санаагаар их амархан унаад, жил гаруйн дараа л өөд болчихсон.

-Ямар өвчтэй байсан юм?

-Ээж минь Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой хими биологийн багш хүн. Манай амьдралыг авч явдаг хамгийн гол хүч байсан. Гэтэл гэнэт л огцом таргалаад ирсэн. Хажууд байгаа бид нар анзаардаггүй. Тэгээд юм идэж уухад зовиурлаад байхаар нь цөсний чулуу юм болов уу гээд эмнэлэгт очоод дурангаар үзүүлсэн чинь ходоодны хорт хавдар байна гэж эмч хэлсэн. Манай ээж уг нь үнэхээр цоглог, өөдрөг хүн л дээ. Гэтэл тэр эмч ходоодны хорт хавдар байна. Бараг гуравхан сарын нас үлдсэн байна гэж хэлснээс болж маш хурдан сэтгэл санаагаар унасан. Уг нь эмч хүн өвчтэй хүнийг аль болох сэтгэл санааг нь засч, урам өгч байх ёстой биз дээ. Гэтэл амьдрах итгэлийг нь унтраасан, үнэхээр хатуу үг хэлсэн. Тэгээд хагалгаанд ороод ходоодыг нь бүр тайраад авчихсан. Түүнээс хойш хими эмчилгээнд байдаг юм билээ. Тэгээд нэлээд тураад ирсэн. Ажлаасаа ч гарсан. Бараг 10-аад сар аль сайн эмнэлэг байна, бүгднээр нь явсан. Тэгээд найдваргүй болчихсон өвчтэй хүмүүст зориулсан Есүсийн эмнэлэгт хэвтэж, өвчин намдаах эм байнга ууж байгаад гэртээ харина гэсээр байгаад эмнэлэгнээс гарсан. Тэгээд гэртээ ирээд гуравхан хоноод өнгөрсөн дөө. 49-н настай байсан.

-Харамсалтай юм болжээ. Энэ нум сум хэрэгсэл чинь чинийх үү?

-Энэ спортын хувцас хэрэглэл, нум сум их үнэтэй. Тийм болохоор өөрөө авах боломжгүй. Надад өөрийн гэсэн юу ч байхгүй. Бүх нум, хэрэгсэл маань манай клубынх. Манай “Добу мэргэн” клубыг Пара олимпын аварга Баатаржав гуай үүсгэн байгуулсан. Хоёр дасгалжуулагчтай. Хоёр дасгалжуулагч маань бидний төлөө их л олон хүнтэй уулзаж, тусалж дэмжихийг хүсдэг ч хүсэлтийг нь хүлээж авдаг нь ховор юм шиг байна билээ. Тэгээд аав маань 350-иад мянган төгрөгийн цалин авдаг болохоор дөрвөн ам бүлийг тэжээхэд хүрэлцдэггүй. Одоо өвөл эхэлж байна. Наад зах нь нүүрс түлээг ээд асуудал их байна.

-Нум сум хэрэгсэл нь нийлээд ямар үнэтэй байдаг юм бол?

-Янз янз. Барагцаагаар бүгд нийлээд 3-4 мянган долларын үнэтэй болох байх.

-Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?

-Таван өдөр нь. Нэг өдөрт нь 3-4 цаг бэлтгэл хийдэг.

-Бэлтгэл хийдэг заалны хүрэлцээ хэр байдаг вэ?

-Зуны улиралд яахав гадаа бэлтгэл хийж болж байна. Гэтэл өвлийн улиралд бэлтгэл хийх заалны хүрэлцээ муухан. Энэ зааландаа хүүхдүүд нь багталцахгүй.

-Танай бэлтгэлд хамгийн бага нь хэдэн настай хүүхэд байдаг вэ. Нум сум нь тухайн хүүхдэд таарсан том, жижиг хэмжээтэй байх уу?

-Манайд жижиг, зөөлхөн нум гэж байхгүй. Ер нь нумаа дийлдэг болсон үед л хичээллүүлж эхэлдэг. Байт харвааны спорт намайг хичээллэжэхэлж байсан үеийг бодоходолон тамирчинтай болсон юм шиг байна билээ.

-Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил энэ тэр хийж байсан уу?

-Хийж байсан. Өнгөрсөн зун барилга дээр туслах ажилтан хийсэн.

-Зөвхөн харвааны бэлтгэлээ хийгээд хичээл номоо цалгардуулаад байгаа юм биш биз. Энэ жил төгсөх анги. Хариуцлагатай жил байна шүү дээ?

-Саяны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд нэлээд удаан хугацаанд хичээлдээ анхаарлаа хандуулж чадаагүй. Гэхдээ сурлагандаа сайн болохоор гайгүй байх аа. Сургуулиа төгсөхөө мэдэж байгаа. Ухамсарлаж ч байгаа. Манай ээж намайг бүр бага байхад хичээл номоо яс суугаад хийдэг хэвшилд сургачихсан. Тийм болохоор хичээлдээ их дуртай.

-Ямар мэргэжилтэй болох гэж байна?

-Инженер болох бодолтой. ШУТИС-д орохын төлөө одооноос хичээлээ сайн давтаж байгаа.

-Хичээл, бэлтгэлээс гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, найз охин байгаа юу?

-Найз охинтой. Чөлөөт цагаараа ном унших дуртай.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-“Их нүүдэл” гэдэг ном уншиж байгаа. Их зузаан ном. Их гоё Монголчуудын эрт дээр үеийн амьдралын зан заншлыг баримт талаас нь биш уран зохиолын хэлээр гаргаж өгсөн нь надад их таалагдсан.

-Өөр ямар авьяастай вэ?

-Шүлэг уншина. “Уран жиргээ”-д нэг удаа орж байсан. Яагаад ч юм тэр тэмцээнд орсон чинь зарим хүүхэд танил талаараа зохицуулаад түрүүлээд, байр эзлээд байдаг юм шиг санагдсан. Тэр тэмцээнд намайг шүлгээ уншаад ороход хүмүүсорилоод, сэтгэл хөдлөлөө дээд зэргээр илэрхийлж байсан. Гэтэл бүр хойгуур байр эзэлсэн. Уг нь их өөртөө итгэлтэй байсан л даа.

-Чиний үеийн хүүхдүүдийг PC тоглоомонд донтоод байгаа гээд их ярих болсон. Чи тоглодог уу?

-Хүн юм юмыг зохицуулах хэрэгтэй. Их цагаар тоглох хэрэггүй. Би хааяа тоглодог. Уг нь зохистой цагаар хааяа тоглоход болно. Дота л гэхэд их ухаан шаарддаг тоглоом шүү дээ уг нь. Ер нь хичээл номоо сайн хийе гээд ирээдүйгээ боддог, ухамсартай хүн бол тэр тоглоомд донтоод, толгойгоо мэдүүлээд байна гэж би бодохгүй байна.

-Миний дүү сайн инженер, мундаг тамирчин болоорой. Амжилт хүсье.

-Баярлалаа.

Түүний дасгалжуулагчтай уулзахад "Б.Бат-Очир бол хувь хүнийхээ хувьд их давгүй. Даруухан, үг дуу цөөтэй хүүхэд. Би дотроо гайгүй харваач болчих болов уу гэж боддог юм. Харин ар гэрийнх нь байдал жаахан хүнд юм билээ. Сая Өсвөрийн ДАШТ-нд явуулах гэж юу болов. Мөнгө төгрөг олдохгүй. Тэгээд яваад тодорхой хэмжээний амжилт үзүүлээд ирсэн. Өөрөө ч дүгнэлт хийж байгаа байх. Бэлтгэлд хандаж байгаа хандлага нь их хичээнгүй шүү. Манай байт харвааны холбоо үүсээд 54 жил болж байна. Өдий болтол бидэнд өөрсдийн гэсэн талбай, заал байхгүй. Энэ түрээсний байр. Сард сая гаран төгрөг төлнө. Ачаалал ихтэй хэцүүхэн л байдаг. Илүү том заалтай, гаднаа талбайтай болох шаардлагатай л байна. " хэмээсэн юм.

Б.Бурмаа

Сэтгэгдэл бичих