Ч.Баттуулд 23 жилийн хорих ял оноолоо

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх 25 настай Ч.Баттуулд холбогдох хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэдесөн цагийн турш хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, түүнийг шунахай, өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон хэмээн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр болжээ. Гэвч Ч.Баттуулын зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

Харин түүнтэй хамт цогцсыг булалцаж, хэргийг нуун дарагдуулсан гэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарт хоёр, хоёр жилийн хорих ял оногдуулж, Ж.Батчулуун нь жирэмсэн учраас хорих ялыг нэг жилээр тэнсэн харгалзуулахаар болсон байна.

Ч.Баттуулд холбогдох хэрэг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцаж байсан юм. Учир нь Ч.Баттуул нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Анх “Жон Мартин Кийнийг би хөнөөсөн” хэмээн мэдүүлж байсан бол дараа нь “Жон Мартин Кийнийг би хөнөөгөөгүй. Хөнөөсөн хүн нь....” хэмээн хоёр жилийн хугацаанд зургаан хүний нэрийг цохсон хэмээн хавтаст хэрэгт дурьдагдсан байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүний нэрлэсэн зургаан иргэн Ч.Баттуулын хэрэгт холбоогүй нь нотлогдсон. Хэрэг хоёр дахь удаагаа нэмэлт мөрдөн байцаалтад буцах үед тэрээр мэдүүлгээ дахин өөрчилж, “Жон Мартин Кийн хар тамхичин байсан. Хар тамхины наймаагаа тохиролцож чадалгүй амиа алдсан. Харин түүнийг хөнөөсөн хоёр залуу надад хүчээр хэрэг тулгасан” хэмээн мэдүүлгээ өөрчилсөн юм. Тодруулбал, Ч.Баттуул “Жон Мартин Кийнийг хилээр орж ирэхдээ хоёр кг хар тамхи тээвэрлэсэн. Улмаар уг тамхиа зарахаар Налайх дүүргийн ойролцоо хоёр залуутай уулзсан боловч нөгөө залуучууд нь “муу хар тамхи байна” хэмээн аваагүй. Харин дараа нь тэд надад хар тамхи хэрэглүүлж, улмаар би ухаан алдаж унасан. Тэгээд сэрэхдээ буудалд сэрсэн. Гэтэл нөгөө хоёр залуу Жон Мартин Кийнийг хөнөөсөн бөгөөд намайг хэргийг хүлээ гэсэн учраас би цогцсыг шатаасан” хэмээн мэдүүлсэн юм. Тэгвэл шүүх хурлын үеэр түүний мэдүүлсэн уг мэдүүлэг худлаа болох нь нотлогдсон байна.

Хэргийг сануулбал, 2012 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн манай улсын хилээр орж ирсэн байдаг. Түүнийг Ч.Баттуул “Шүрэн гүүр” гэх зочид буудал ажиллуулж, бизнес хийе хэмээн хуурч авчирсан юм. Харин түүний бизнес хийе хэмээх саналыг хүлээн авсан Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж Монголд иржээ. Гэвч ирсэн өдрийнхөө маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр Ч.Баттуулын гарт амиа алдсан гэх. Болсон явдлыг сийрүүлбэл, хэрэг гардаг өдөр Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг ан хийе хэмээн Цонжин болдогт аваачжээ. Улмаар Ч.Баттуул нь 1.4 сая төгрөгөөр буу худалдан авсан байна. Гэвч Цонжин болдогт очсон хойноо шунахайн сэдлээр Жон Мартин Кийнийг буудаж хөнөөн, улмаар цогцсыг нь шатааж булсан байсан аж. Ингэхдээ өөрийн найз Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нар руу “Би хүн алчихлаа, Туслаач” хэмээн утасджээ. Тиймээс найзууд нь очиж, цогцсыг нь хамт булалцсан байна.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих