Ч.Баттуулыг шүүх хурал завсарлалаа

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулд холбогдох шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарлаад байна.

Ч.Баттуул 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тодруулбал, тэрээр Америк иргэнийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан байдаг. Түүний хэрэг шүүхээс хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Учир нь анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээсээ хэд хэд буцсан юм. Тиймээс түүний хэргийг дахин шалгасаар ийнхүү хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

Хэргийг сануулбал, Тайваний технологийн их сургуульд сурч байсан Ч.Баттуул багш Жон Мартин Кийнд “Шүрэн гүүр” хэмээн зочид буудал барих төлөвлөгөө үзүүлж, түүнийг монголд ирж хамтран ажиллах санал тавьсан байна. Багшдаа их хэмжээний цалин амласан тэрээр эхлээд 10 мянган долларын хөрөнгө оруулалт хийх ёстой гэжээ. Талийгаач Жон Мартин Кийн ээжээсээ арван мянган доллартай ирсэн өдрийнхөө маргааш харамсалтайгаар амиа алдсан юм.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих