МУБИС руу шилжүүлнэ гэвэл төлбөрөө буцааж авна гэв

МУИС-ийн Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар “МУИС бол судалгааны сургууль болох ёстой. Тиймээс багшийн ангийг бэлдэхгүй” гэсэн чиглэл гаргасан байна. Энэ дагуу Физик, электроникийн сургуулийн дэргэдэх Физик боловсролын тэнхим буюу багшийн анги бэлтгэдэг тэнхмийн оюутнуудыг, хичээл заадаг багштай нь хамт МУБИС руу шилжүүлэх талаар ярьж байна гэсэн мэдээллийн дагуу үүнийг тодруулахаар тус сургуулийг зорилоо. Тэнд Физик боловсролын тэнхимийн хэдэн оюутантай ярилцлаа.

-Болсон явдлыг жаахан дэлгэрүүлээч?

-Манай сургуулийн удирдлагууд МУИС бол судалгааны сургууль болохоос багш бэлтгэдэг сургууль биш. Тийм болохоор багш мэргэжлээр суралцаж байгаа манай тэнхимийн оюутнуудыг МУБИС-руу, техникийн, инженерийн чиглэлийн ангийн хүүхдүүдийг ШУТИС руу шилжүүлэх шийдвэр гаргах гэж байна гэнэ.

-Шийдвэр нь яг гарчихаагүй биз дээ?

-Өчигдөр хуралдсан. Өнөөдөр 15-16 цагийн үед дахин хуралдаад шийдвэр гаргах юм шиг байна.

-Багш мэргэжлээр хичнээн оюутан суралцаж байгаа юм?

-Энэ тэнхимд 140 гаруй оюутан багшийн мэргэжил эзэмшихээр бэлтгэгдэж байгаа юм. Биднээс гадна хими, биологи, математикийн сургуулийн багшийн мэргэжлээр төгсөх цөөн тооны оюутныг ч МУБИС руу шилжүүлэх тухай ярьж байгаа юм шиг байна.

-Багш нарыг хамтад нь шилжүүлнэ гэсэн юм уу?

-Гурван багш, нэг зөвлөх ч МУБИС руу шилжүүлж магадгүй гэсэн.

-Хэрэв ийм шийдвэр гарвал та нар яахав?

-Хэрвээ энэ шийдвэр дэмжигдвэл бид хоёрдугаар семистрээ МУБИС-т суралцаж, МУБИС-ын дипломтой төгсөх юм. МУИС-д орсон хүүхдүүд яахаараа МУБИС-ын дипломтой төгсөх ёстой гэж. Шилжүүлэх дээрээ тулбал сургалтын төлбөрөө аваад гарна. Тиймээс хэрвээ энэ шийдвэр дэмжигдвэл эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийнэ.

Б.Цовоо

Сэтгэгдэл бичих