“Их тэнгэр”-т нэвтэрсэн шилүүсийг байгальд нь буцааж тавилаа

Өнгөрсөн мягмар гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт “Их тэнгэрийн ам”-нд ирвэс нэвтэрлээ гэх дуудлага ирж, дуудлагын дагуу аврах ангийнхан ажилласан юм. Эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд ирвэс биш шилүүсийг барьсан билээ. Тэгвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэн, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Амьтны эрх хамгаалах сан ТББ-ын мэргэжилтэн, судлаачид хамтран “Их Тэнгэрийн ам”-ны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн шилүүсийг өчигдөр байгальд нь буцаан тавьсан байна. Уг шилүүс нь 5-6 сартай, эм шилүүс байсан бөгөөд уг амьтнаас газар дээр нь мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж, эрүүл болохыг тогтоож судалгааны зориулалтаар эд, эсийн дээж авсан байна.

"Их тэнгэрийн ам"-нд нэвтэрсэн шилүүс Гэрэл зургийг / Богдхан уулын дархан цаазат газар/

2013 оны хавар, зун Богдхан уулнаас бор гөрөөс, бугын тугал зэрэг амьтад хотын бүсэд орж ирснийг Онцгой байдлын газар, Богдхан уулын дархан цаазат газрын ажилтнууд мөн барьж авч байгалийн сүрэгт нь нийлүүлэн тавьж байв. Богдхан уулнаас зэрлэг амьтад хот руу орж ирэх тохиолдол байгаа нь голлон чоно, нохойндхөөгдөх,хүний хөл хөдөлгөөнөөсүргэж, дүрвэх зэрэг нөлөөллөөс болж байна гэж судлаачид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд дархан цаазат газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын хүчээр Богдхан уулын зэрлэг амьтдын тоо толгойн хэвийн өсөж үржих нөхцлийг хангах олон ажил хийж байгаагийн дүнд Нүхтийн аманд нутагшуулсан янгирын тоо өмнөх жилээс долоон толгойгоор өсөж,бие гүйцсэн тэх дөрөв, янгир найм, ишиг найм, өсвөр болон залуу 11,нийт 31 толгой янгир тоологдсоны зэрэгцээ бор гөрөөс, халиун буга, зэрлэг гахай, тарваганы тооөмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнийг судалгаагаар тогтоогоод байна.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих