Ядуу байхын жаргал

2008 онд дэлхийн эдийн засаг хямарч байхад Монголын ядуу болон эмзэг бүлгийнхэн хүнсний талонаар гурил, будаагаа авч эхэлсэн. “Хүнс тэжээл, нийгмийн халамж” нэртэй энэ төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас есөн сая, хаана ямар ядуу хүмүүс байгааг олж тогтооход гурван сая ам.доллар нэгэнт зарцуулжээ.

Ядуугаараа гул барьж, бор ходоодоо баярлуулсан залхуучууд болон тэдэнд тараах хүнсний талоноор бяцхан бизнес хийж амташсан хороо хорины албан хаагчдад энэ боломж ирэх арванхоёрдугаар сартай хамт дуусах юм.

Уг төслийн зорилго нь нийгмийн хамгааллын бүтцийг сайжруулах нэрийн дор нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үр ашигтай, ил тод байдлаар хүргэх стратегийн бодлогыг шинэчлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хямралын үед ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг хүнс, тэжээлийн дутагдлаас хамгаалахад чиглэгдсэн байжээ.

Харамсалтай нь бүтэн гурван жилийн нүүр үзсэн төслийн амтанд орсон иргэд харин ч олширч, Засгийн газраас энэ онд гэхэд 10 тэрбум төгрөг нэмж зарцуулсан ч тусыг төдийлөн эс олов.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэлэг үйлчилгээ болон дэвшилтэт мэдээлэл, технологийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, иргэдэд зориулсан нээлттэй мэдээллийн сан бий болгох” зорилт дэвшүүлж.

Иймээс Н.Алтанхуягийн танхимынхан хэлсэн амандаа хүрэхийн тулд Азийн хөгжлийн банкнаас дахиад 20 сая ам.доллар нэмж зээлэхээр хөөцөлдөж эхлэв.

Үүнийгээ дэмжүүлэхийн тулд УИХ-д нийгмийн даатгалын сангууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн интернетэд суурилсан идэвхтэй горимоор ажиллах нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд оршин суугаа газраасаа нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болно хэмээн тайлбарлаж байна.

Мөн нийгмийн даатгалын болон халамжийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулна гэнэ.

Ингэснээр нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмж бүхий тогтолцоог шинэчилж, хөтөлбөрт үйлчилгээ бүхий халамжийн тогтолцоонд шилжүүлэн халамжийн хавтгайрсан, давхардсан үйлчилгээг илүү оновчтой, үр ашигтай болгож, зорилтот бүлгүүдэд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх ажээ.

Гэвч өнөөдөр хоногийн хоолныхоо төлөө гар хөдөлгөхөөс хойш сууж буй хүмүүсийг 20 сая ам.доллараар түр зуур тэжээх авч 25 жилийн хугацаанд хоёр хувийн хүүтэй буцаан төлөх юм байна. Нэг үгээр хэлбэл, ирээдүйгээсээ хулгайлж буй мөнгө.

Засгийн газар урьдчилж гурван сая ногооны хөрөнгө оруулалт хийгээд 0.15 саяыг нь татварт, 1,62 саяыг нь мэдээлэл технологийн системийн засвар үйлчилгээ, 0,25 саяыг нь магадалшгүй зардал, 0,98 саяыг нь санүүжилтийн төлбөрт зарцуулах аж.

Мөн АХБ-ны Тусгай сангийн эх үүсвэрээс 0.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, техникийн туслалцааны төсөлд зарцуулна гэдэг нь өөрсдийнхөө хүмүүсийг цалинжуулж, байр сав, унаа машинаар хангах нэрийн дор буцааж авна гэсэн үг.

Эцсийн эцэст эрхэм гишүүд дэмжвэл нэмэлт төслийн буянаар 2014 оны зургадугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл овоо хэдэн хүмүүс овоо цалин хүртэх бололтой.

90 оноос хойш ядуурлыг бууруулах нэртэй тардаггүй нэг сайхан найр байсаар байгаа. Ядуу байхын жаргалаа гэж, хөөрхий.

Х.Аянга

Сэтгэгдэл бичих