Борчуулын хорооллоос гарсан бухимдлын дуу хоолой

Борчуулын хорооллын нэгэн гудамжинд….

Хажуугаар өнгөрсөн машин алдарт Наскарийн уралдааны замаар явж буй мэт салхи татуулан одох юм.

Үгүй л дээ салхи татаагүй ээ харин шороо байсан юм. Хөлийн ул хүрэхтэй үгүйтэй хамт бужигнан гарч ирдэг тэр өлөн тоос замаар алхаж явсан хүмүүсийн хувцас, үс, ам хамраар битүү тархсан юм. Хижээл насны эмэгтэй машины жолоочийг хичнээн харааж, зүхэж хашхиравч хоосон талын цуурай мэт тэгсхийгээд л замхран алга болов.

Хэн буруутай гэж?

Ажилдаа хоцрох шахан яаран хаазалсан жолоочийн буруу юу?

Замаа хатуу хучилттай болгож чадаагүй төрийн буруу юу?

Буруу цагт буруу газраар алхаж явсан явган зорчигчдийн буруу юу?

Гудмаар (бишээ шороон дундуур) нэг хөглөрөх хог…Үгүй ээ хог бишээ үнэндээ бол тамхины иш бас хоосон хайрцагнууд.

Хэн буруутай гэж?

Тамхины хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа төр үү?

Хуулиа дээдлэхгүй байгаа тамхичид уу?

Хогоо хогийн саванд хийж сураагүй хүмүүсийнх үү?

Хогын савыг бэлдэж өгөөгүй төр үү?

Тамхинаас гарч чадахгүй байгаа тамхичид уу?

Булан тойроход нөгөө л олон тоос харин тэнд…20 гаран настай залуу нүүрээрээ шороо дэрлэн унтаж байна. Өлөн тоос, тамхины хог новш, бохир буртаг, шороо, халуун нар, өнгөрөн одох хүмүүс, аль нь ч түүнд хамаагүй. Гагцхүү ухаанаа мартталаа хүртсэн, зовлонгоо мартталаа хөнтөрсөн тэр хар усны ачаар олдож буй хэдхэн цагийн нойр түүнд бүхнээс чухал.

Хэн буруутай гэж?

Хийе гэсэн хүсэл эрмэлзэлрүү дунд хуруугаа өгсөн авилгач төр, хүнд суртал уу?

Хайр дааж чадаагүй хөсрий тэр архичин уу?

Хүн шиг явахад нь уруу татсан хүн дүртэй чонон архичид уу?

Мексикт л байдаг болов уу гэж бодохоор, бишээ манай Монголд л байдаг болов уу гэмээр дүр төрх энэ ганцхан гудманд өрнөнө. Урдах хүн ч харагдахааргүй болдог өлөн тоосон дунд чангахан ёворчихвол нураад уначих байхдаа гэмээр сандал дээр нэгэн өвгөн суух. Насныхаа эцсийн хэдэн өдрийг хашааны гадаа суун өнгөрөөх энэ өвгөний хажуухан ТҮЦ-нээс нэгэн жаал, магадгүй 8 настай, гарч ирэнгүүтээ тамхи гаргаж ирэн татаж эхлэв. Түүний найзтайгаа харилцан ярих “яриа”-ны 3н үгний 2 нь хараалын шинж чанартай байх авч тэр үүндээ маш их бахархалтай,өөртэй итгэлтэй ярьж байгаа нь илт байлаа.

Хэн буруутай гэж?

Хүнээ, ард иргэдээ, ахмадаа халамжилж чаддаггүй төр үү?

Амьдралын зорилгогүй амьдарсан өвгөн үү?

Хүүхэд багачуудад тамхи зарсан худалдагч уу?

Хүрээллээ дагаж болохгүй бүхнийг сурсан бяцхан жаал уу?

Өвгөний хажуухан талын хашаа руу нэгэн залуу бие засч зогсох. Найк пүүз, алтан цаг, хар нүдний шил хийсэн энэ залуу хээвнэгхэн шүлсээ ч бас хаяж зогсоно.

Хэн буруутай гэж?

Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эх нь үү?

Хүний ёсыг мэддэггүй хөлдүү толгойт энэ залуу юу?

Хүн зоныхоо амьдралыг гаргуунд нь гаргачихсан төр үү?

Эцэст нь хэлэхэд нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа, аймшигтай, сэртхиймээр зүйлс үнэхээр их байна. Өглөө сэрэхэд л тэнд тийм осол, энд ийм хүчирхийлэл, тэнд ийм луйвар, энд ийм аллага, тэнд тийм өвчин гээд л нийгэмд бухимдмаар, гутармаар зүйлс дэндүү их байна. Гэхдээ энэ бүх зүйлд хэн буруутай юм бэ? Би буруутныг хайж байна, олохыг хүсч байна, буруутныг олоод залхаан цээрлүүлэхийг хүсч байна. Гэтэл хэн юм бэ буруутан нь? Бурхан юм болов уу? Магадгүй тийм байх. Хүн төрөлхтөн бидэнд сэтгэн бодох чадварыг бас эрх чөлөөг харамгүйгээр хайрласан түүний бэлгийг буруу хүмүүс нь буруу аргаар нь сайн ашигласнаас болж өнөөдөр нийгэм ийм байж болох гэхдээ эргэлзээтэй.

Тэгвэл ер нь буруутан нь хэн юм бэ? Яагаад энэ 3хан сая хүн ард маань бүгдээрээ сайхан амьдарч чадахгүй байгаан бэ?

Борчууллын хорооллоос гарсан бухимдлын дуу хоолой…2013.05.22

Сэтгэгдэл бичих