Хаа сайгүй шиншлэх байгууллагууд буюу контор (1-р хэсэг)

Ойролцоогоор XX зууны дунд үеэс ганцаар зүтгэгч супер тагнуулуудын алдар нэрийг тусгай албад булаах болсон юм. Магадгүй, тэр үед л тэдгээр байгууллагуудыг гудамжны хэллэгээр “конторууд” гэж нэрлэсэн биз ээ. Ямар ч байсан Израиль улсын улс төрийн тагнуулын албыг яах ч арга байсангүй. Иврит хэлээс орчуулах юм бол “Моссад” гэдэг нь байгууллага буюу энгийнээр контор гэсэн үг юм.

Израилийн тусгай албадын бүтэц болон “Моссад” байгууллагын тогтолцоо одоогоос 30 гаруй жилийн тэртээ үлэмж хэмжээний мэдээлэл алдагдсанаас үүдэн нууц байхаа больсон билээ. Энэ зууны томоохон хэрэгт тооцогдож байгаа WikiLeaks сайтыг тэр үйл явдал төрүүлсэн билээ. Мөн л АНУ-ын дипломат захидал харилцаанаас тэр мэдээлэл алдагдсан аж. 1979 онд Лалын хувьсгалыг хийсэн залуучууд Тегеран хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг эзэлж аваад тэнд байсан бүх бичиг баримтуудыг цуглуулж 12 боть бүхий цувралыг дэлхийн түгээмэл хэрэглэгддэг хэл дээр хэвлэсэн байна. Тэдгээр залуучуудын дунд Иран улсын өнөөгийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад байсан юм. Тэд хогийн савнуудыг хүртэл ухаж сэгсэрч байсан гэдэг. Ийнхүү залуус дэлхийн янз бүрийн байгууллагуудын шинжээчид болон сэтгүүлчдэд маш нууц зэрэглэлд хамаарах мэдээллүүдийг ил болгожээ. Тухайн үедээ од болов.

Нууцын зэрэглэлд багтсан баримт бичгүүдийн дотор Израилийн тусгай албадын үйл ажиллагааны чиглэлийг хуваарилсан хүснэгтүүд байсан юм. Тэр цагаас хойш Израилийн ахлах ангийн сурагч бүр Нийгмийг аюулаас хамгаалах алба буюу “Шабак” нь дотооддоо болон хяналтад байгаа газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг буюу сөрөх тагнуулын алба гэдгийг мэдэх болсон билээ. Харин цэргийн тагнуулын алба болох “Аман” цэрэг дайны ажиллагаа явуулж болзошгүй бүсүүдэд үйл ажиллагаа эрхэлдэг аж. Тэгвэл “Моссад” гэдэг байгууллага дэлхий даяар тагнуулын ажиллагаа явуулдаг нь тодорхой болсон юм.

Чухамхүү “Моссад” л дэлхийн хэмжээнд Израилийн тэргүүлэгч брэнд болжээ. Тус байгууллага Израилийн хүчирхэг байдлын илэрхийлэл болсон байна. Зарим талаараа энэ байдал дэндүү томсгож, томруулсан байж магадгүй ч аливаа нэртэй худалдааны тэмдэг ийм үйлчлэл үзүүлдэг билээ. Элдэв домог мэт яриагаар хачирлагдсан энэ брэнд Израилийн дотоодод болон байлдааны ажиллагаа явуулж байгаа бүс нутгуудад эрчимтэй үйл ажиллагаа хийдэг аж. Тийм учраас Израилийн нийгэм тэр аяараа “Моссад” байгууллагын тэргүүнийг анхааралтай ажиглаж, сонирхдог юм. Түүний тэргүүлж буй конторын үйл ажиллагааны талаар мэдэгдэх зүйл бага байдаг. Харин домог болон яригдсан хүн бол мэдээж хэрэг тус байгууллагыг үндэслэгч нэгэн билээ. “Моссад” байгууллагыг үүсгэн байгуулагч Исер Харель 2003 оны хоёрдугаар сарын дундуур 91 насандаа таалал төгсчээ. Энэ хүнээс гадна, дотны хүмүүс үхтлээ айдаг байсан юм. Түүний нэрийг чанга хэлэх зориг зүрхтэй хүн төдийлөн байгаагүй гэдэг. Өнөөдөр ч ийм байгаа аж.

Витебск хотод мэндэлсэн Изя Гальперин гэдэг хүн хожим “Моссад”-ын тэргүүн Исер Харель болсон билээ. Түүнийг дэндүү сайн мэддэг хүмүүс онцын шаардлага үгүй бол Харельтай уулзаж ярилцах хэрэггүй хэмээн үздэг байсан юм. Түүнтэй ярилцвал яриа удалгүй байцаалт болж хувирах талтай байсан гэнэ. Бүгд л түүнээс айдаг байлаа. Харин цөөн хүн түүнийг харсан байдаг. Энэ хүн байгаагүй бол Израиль улс бий болж, өнөөг хүртэл оршин тогтнохгүй байсан аж. Арабын ертөнцийн зах хязгааргүй их далайд орших балчирхан газар нутагтай жүүд арлын аюулгүй байдлыг хангах зорилт энэ хүнээс маш их ур чадварыг шаарджээ. Эргэн тойронд буй арабын ертөнц нэг бус удаа түүний эрхт халдаж, залгихыг оролдсон байна. Барууны ердийн нэг тусгай алба ардчилсан нийгмийн дүрэм журмын дагуу тоглолт хийсэн бол энэ зорилтыг биелүүлж чадахгүй байсан юм. Харин Харель ариун дагшин газрыг хамгаалахын тулд бүх арга хэрэгслийг ашигласан аж.

Витебск хотод амьдарч байхдаа Изя Гальперин гудамжны сахилгагүй жаал байсан гэдэг. Тэр тулааны ганцхан төрлийг л хүлээн зөвшөөрдөг байлаа. Тэр нь дүрэмгүй зодоон. Туранхай, багавтар биетэй тэрбээр том биетэй, хүчирхэг өрсөлдөгч нараа ялан дийлэх хялбар аргыг амархан олжээ. Тэр гартаа чулуу юм уу мод бариад өрсөлдөгчийнхөө толгой дундуур буулган авч ялалт байгуулдаг байв. Яг ийм зарчмаар түүний тэргүүлсэн Израилийн гадаад болон дотоод аюулгүй байдлын алба үйл хэргээ явуулсан билээ. Энэ тэмцлийн гол арга хэрэгсэл нь алан хядах үйл ажиллагаа болсон аж. Ялангуяа хилийн чанадад Израилийн тусгай албадын үйлдсэн яргалал, алан хядлага хэмжээ хязгаараараа дэлхийн бусад тагнуулын албадыг давж гарчээ.

Израиль улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан эхний өдрөөс л алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээнүүдийг эрчимтэй авч хэрэгжүүлжээ. Израилийн тусгай албадын ажилтнууд бие даан юм уу цэргийн тусгай анги нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд багтан Арабын газар нутгууд руу явж дайсанд түрүүлж цохилт өгч байсан юм. Ээлжит даалгавраа авч явахдаа тэд халаасандаа жүүдийн суурингууд руу халдлага хийсэн юм уу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэгдсэн Арабын олон арван алан хядагчдын нэрсийг бичсэн жагсаалтыг хийж явдаг байжээ. Туршуулууд тэдгээрийг бүгдийг нь зүйл дуусгасныхаа дараа л гэртээ харьдаг байна. Израилийн аюулгүй байдлын дотоод алба “Шин-Бет” болон гадаад тагнуулын алба “Моссад”-ыг үндэслэсэн Харель арав гаруй жилийн туршид энэ бүх ажиллагаануудыг биечлэн удирдаж, гол уураг тархи нь болж байсан юм. Ажилтнууд нь түүнийг тахин шүтдэг байжээ. 1963 онд номер нэг тагнуулч огцорсноор “Моссад” байгууллага золтой л сүйдсэнгүй. Харельтэй хамт ажиллаж байсан туршуулууд албанаасаа чөлөөлөгдөх болсон аж.

Гэвч алан хядлагын эсрэг адилхан хүч хэрэглэх зарчмыг Израилийн тусгай албад түүнийг огцорсны дараа ч баримтлахаа үргэлжлүүлсэн юм. Өдгөө ч энэ зарчимдаа үнэнч байгаа билээ. Өнөөдөр “Хамас” юм уу “Лалын жихад” байгууллагын дайчид утсаар ярих юм уу машинаа асаах үедээ тэсэрч дэлбэрэх нь байдаг л нэг хэвийн зүйл болжээ. Мөн тэдний гарт өөрсдийнх нь урласан тэсрэх төхөөрөмж яагаад ч юм дэлбэрч орхидог. Энэ бүхэн тохиолдлын, санамсаргүй мэт харагдаж, санагддагийг өгүүлэн юун.

“Моссад” байгууллагын бусдаас ялгарах нэг давуу тал бол Харелийн нарийн удирдлаган дор зохион байгуулагдсан дэлхий даяар таран байрласан тагнуулын сүлжээ билээ. Тагнуулчид худалдааны төлөөлөгчийн газрууд, агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын пүүсүүд зэрэг олон газрын нэр дор халхавчлагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ байгууллага туршуулуудаа зөвхөн жүүд үндэстэн дундаас элсүүлдэг байжээ. Тухайн хүн тэдэнтэй хамтран ажиллахаас татгалзана гэдэг маш хүнд зүйл байв. Тэр хүн жүүд хүн учраас Израилийн өмч гэдгээ мэднэ. Тиймээс төрөлх эх орондоо эргэж очин тал бүрийн туслалцаа үзүүлэх ёстой гэнэ. Хэрэв буцаж харих хүсэлгүй бол хамтран ажиллахаас өөр арга замгүй болно.

Ийм маягаар олон хүн зөвшөөрлөө өгчээ. Гэхдээ тэд туршуул бус харин сайн дурын туслах буюу сайаним болдог байлаа. Энэ хүмүүс тагнан турших үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд өөрийн оршин сууж буй улс, орны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд өөрсдийн давуу тал болон холбоо сүлбээгээ “Моссад”-д ашиглуулна. Мөн тэд тухайн оролцож буй ажиллагаа нь оршин сууж байгаа орных нь эсрэг чиглэгдээгүй гэсэн баталгааг авдаг байсан юм. Тэд хэрэгтэй цагт шаардлагатай газар автомашинаа орхиод, дараа нь ажиллагаа дууссаны дараа өөр нэг газраас түүнийгээ авч унаж явах зэргээр туслалцаа үзүүлдэг байжээ. Сайн дурын туслагч хэн гэдэг хүн, яаж, юуны тулд өөрийнх нь машиныг ашигласныг хэзээ ч мэдэхгүй. Хэрэв ажиллагаа бүтэлгүйтвэл түүний гарт машинаа хулгайд алдсан гэх мэдэгдэх хуудас бэлэн байдаг юм.

Харель мөн нойрсоо туршуулуудыг өргөнөөр ашиглаж байв. Энэ маш нууцлагдмал байдалд байдаг тагнуулууд “Моссад” байгууллагыг байнга үнэ цэнэтэй тагнуулын мэдээгээр хангах үүрэггүй байсан билээ. Тэднийг онцын шаардлагатай тохиолдолд ашиглах бөгөөд хоёрын хооронд тэвдүүлдэггүй байсан аж. Харельд ийм туршуулууд хаа сайгүй байсан юм. Тэдний нэг нь Москва хотод сууж байлаа. Польшийн төрийн мэдлийн мэдээллийн ПАП агентлагийн ЗХУ болон Зүүн Европын улс, орнуудаас мэдээ бэлтгэдэг хэлтсийн редактор Виктор Граевский. Энэ хүн 1956 онд Хрущевын нэг хүнийг тахин шүтэхтэй холбоотой унших ёстой байсан илтгэлийг хулгайлсан билээ. Хожим нь Хрущев тэр илтгэлээ намын XX Бүгд хурал дээр уншиж танилцуулсан юм. Энэ баримт бичгийг Барууны хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлж, нэвтрүүлснээр олон улсад томоохон шуугиан дэгдсэн билээ.

Тэр илтгэлийг хулгайлах ажлыг Харельд АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Аллен Даллес даалгасан гэдэг. Үүний хариуд Даллес “Моссад” байгууллагатай мэдээлэл солилцох гэрээ байгуулжээ. Ойрхи Дорнод дахь Тагнуулын төв газрын ажилтнууд израильчуудад идэвхтэй туслах болсон аж. Туршуулууд дотоод тагнуулын алба буюу “Шин-Бет”-ыг хөл дээрээ зогсоход нь багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. 1930-аад оны сүүлээр Харель жүүдийн “Хагана” нууц байгууллагын гишүүн байх үедээ уулзаж, учирч байсан хүмүүсийнхээ талаар нарийн мэдээлэл цуглуулж эхэлсэн гэдэг. “Шин-Бет” алба 1948 онд байгуулагдахад Харель баялаг мэдээллийн сантай болчихсон байжээ. Таксины жолооч нар, барменүүд, зөөгч хүүхнүүд, шашны оюутнууд, биеэ үнэлэгчид бүгд энэ жагсаалтад багтсан юм. Энэ мэдээллийн санд нэг л бичигдсэн бол тухайн хүн бүх насаараа тагнуулын албатай хамтарч ажиллах болсон байлаа.

Тус алба мөн Израиль улсад ажилладаг гадаадын иргэдийг элсүүлж байсан аж. Нэг удаа тагнуулчид Иерусалим хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтныг өөрийн мэдээлэгч болгохыг оролдсон гэдэг. Тэр этгээд нэгэн жүүд бүсгүйтэй нууцаар уулздаг гэдгийг Харелийн хүмүүс мэдэж авчээ. Тэд дипломат төлөөлөгчийн газрын ажилтныг тэр хүүхнийг жирэмслүүлж, үр хөндүүлэхэд хүргэсэн хэмээн буруутгав. Энэ зорилгоор холбогдох эмнэлгийн бичгийг нь хуурамчаар үйлдсэн боловч америк эрийг элсүүлж дөнгөөгүй аж.

Булан, тохой бүрт зогсч байсан туршуулууд гадаадын тагнуулуудыг илчлэх ажлыг мэдэгдэхүйц хялбарчилж байжээ. Хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Израиль улсад цагаачлан очихын сацуу гадаадын тагнуулчид нэвтрэх оролдлого хийнэ гэж Харель тооцоолсон юм. Мань хүн тагнуулын албыг удирдаж байсан үедээ маш олон тооны тагнуулчдыг илчилж дөнгөсөн гэдэг. Түүний дараагаар ажиллаж байсан хүмүүс бүгд нийлээд тэр тоонд хүргээгүй аж. Харелийн илчилсэн хамгийн зартай тагнуулч бол Австри улсаас цагаачилж ирсэн Исраэль Беэр билээ. Энэ хүн гялалзсан карьер хийж, Бен-Гурионы цэргийн зөвлөх болж дөнгөжээ. Ерөнхий сайд түүнийг ихэд үнэлдэг байсан бөгөөд нэр нь сэвтээгүй Беэр маш нууц зэрэглэлийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байсан юм. Тэрбээр төрийн тэргүүний өдрийн тэмдэглэлийг унших боломжоор хангагдсан байлаа.

Беэрыг илчлэхийн тулд Харельд хэдэн жил шаардагдсан билээ. Анх тэр шинжээч эрийг найдвар муутай, сөрөг талыг баримтлагч хэмээн ажиглалтдаа авчээ. Беэр улс төрийн үзэл бодлоо эрс өөрчилсөн нь Харельд таалагдаагүй байна. Сайн эр коммунистуудыг орхиод Бен-Гурионд наалдсан нь сэжиг төрүүлэв. Гэтэл ажиглалтын явцад Беэр олон тооны сонин үйлдэл гаргаж байгаа нь тогтоогджээ. Мань хүн үе үе Зөвлөлтийн дипломатуудтай уулзаж байсан аж. Дээр нь эхнэрийнхээ араар тавин хүүхнүүдэд их мөнгө зарцуулж байлаа. Гэр бүлсэг Харельд энэ нь таалагдсангүй. Беэр мөн архи их ууж байжээ. Үүнээс үүдэж түүний сэтгэл санаа тавгүй байгаа гэсэн дүгнэлтийг Харель хийв. Ажиглалтыг эрчимжүүлсэн бөгөөд 1961 онд Беэрыг эд мөрийн баримттай нь гардан авчээ. Тэрбээр Зөвлөлтийн дипломатчтай уулзан түүнд нууц зэрэглэлийн бичиг баримтуудыг өгсөн аж. Хэдэн жилийн хугацаанд тэр ЗХУ-д цэргийн холбогдолтой их хэмжээний мэдээллийг дамжуулж амжсан байна. Тэгтэл жинхэнэ Беэр аль эрт нас барсан бөгөөд өөрийгөө түүний өмнөөс танилцуулж явсан хүн бол Зөвлөлтийн тагнуулч гэдэг нь тогтоогдсон аж. Орлон тоглогчийг урт удаан хугацаанд байцаасан боловч мань хүн өөрийн жинхэнэ нэрийг хэлээгүйгээр барахгүй буруугаа хүлээхгүй, хамтарч ажиллахаас татгалзжээ. Түүнд шоронд 15 жил хорих ял оноосон бөгөөд мань эр шоронд нүд аньсан юм.

Харин Харель зөвхөн гадаад дайснуудтай тэмцэж байсангүй. Хэрэв ах, дүү жүүд үндэстнүүд улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулсан бол тэдгээрийг мань хүн өршөөлгүй зүйл дуусгаж байжээ. Израиль улсыг байгуулагдахаас өмнө Харель болон түүний хамтран зүтгэгчид 1930-1940 онуудад Палестин улсад үйл ажиллагаа явуулж байсан жүүдийн “Лехи” гэдэг нууц байгуулагын гишүүдийг дайсанд хамаатуулж ойлгодог байсан аж. “Лехи” байгууллагын гишүүд арабууд болон британичуудыг хайр найргүй алж байсан юм. Тэд үүнийгээ тэмцлийн нэг хэлбэр бөгөөд жүүдийн улсыг байгуулахын төлөө ийм арга замаар тэмцэх хэрэгтэй гэж боддог байлаа. Харин Харель британичуудтай хамтарч ажиллах ёстой гэж үздэг байсан аж.

Израиль улс байгуулагдсаны дараа тэрбээр сөрөг хүчинтэй идэвхтэй тэмцжээ. Мань хүн “Барууныхан болон коммунистуудгүй Засгийн газар” гэсэн уриа дэвшүүлж ажиллав. Ерөнхий сайд Бен-Гурионы улс төрийн өрсөлдөгч нарыг тэрбээр төр улсын дайсан гэж үзэн үндэстэн нэгдмэл байх ёстойг тунхаглаж байлаа. Харелийг мэдэгдэхүйц үр дүн гаргахад нөлөөлсөн мятрашгүй дайчин, ширүүн зан чанар нь эцсийн бүлэгт түүнийг өөрийг нь алсан билээ. 1963 онд “Моссад” байгууллага Египт улсын хэрэгжүүлж байгаа пуужингийн хөтөлбөрийг сонирхож эхлэв. Тэр хөтөлбөр Израиль улсын аюулгүй байдалд заналхийлэх болно гэж Харель үзээд ямар ч хамаагүй үнээр түүнийг зогсоохыг үүрэгджээ.

Каирт пуужингийн хөтөлбөр боловсруулахад нь Баруун Германы эрдэмтэд туслаж байсан юм. Харель тэднийг айлган сүрдүүлж эхлэв. Тэдэнд тэсрэх бодис бүхий захидал, илгээмжийг явуулж байжээ. Энэ үйлдэл Германы канцлер Конрад Аденауэрын дургүйцлийг төрүүлэв. Тэрбээр Бен-Гурион руу утасдаад Харелийг зогсоохыг хүссэн аж. Ерөнхий сайд тагнуулч эрийг дуудаж ирүүлээд түүнд хийж байгаа үйлдэл нь зөв гэдэгт эргэлзэж байгаагаа хэлжээ. Харель их цочирдсоны дээр олон жил өөрт нь үнэнч зүтгэсэн хүний амнаас ийм үг унасанд гомдож, тэр даруй огцрох өргөдлөө өгсөн байна.

Алан хядах үйл ажиллагаа болон түүнтэй хийх тэмцэл Израилийн тусгай албадын ажлын гол агуулга хэвээр үлдсэн юм. 1971 оны зун аймшигт далайн шуурга дэгдэх үеэр Газын секторын эрэгт хэдэн хүн суулгасан хуучирч муудсан завь хүрсэн аж. Тэр хүмүүсийн үс гэзэг ургаж гүйцэн, хирэндээ баригдсан байжээ. Хувцас нь ч урагдаж муудсан байна. Дээр нь шалба норсон байжээ. Тэднийг Израилийн тэнгисийн харуулын цэрэг мөрдөж байсанд эргэлзэх зүйл үгүй. Тэд эрэг дээр буусан даруйд харуулын завинаас гал нээжээ. Хүмүүс тарж бутарч гүйгээд жүржийн мод тариалсан төгөлд орж алга болов. Араас нь эргийн харуулууд нэхэн хөөлөө.

Тэрхүү зочид бол Ливан улс дахь Палестины эсэргүүцлийн хөдөлгөөний байлдагчид байсан юм. Тэд Газын зурвасын дайчидтай хамтарч ажиллахаар холбоо тогтоох зорилготой ирсэн гэдгээ өгүүлэв. Уулзалтыг нэгэн орхигдсон байшинд хийхээр төлөвлөжээ. Ширээний ард сууцгаасан аж. Тэнд байсан насаар ахмад нэгэн хүн “Бүгд байна уу?” гэж асуув. Хариуд нь “Тийм ээ” гэх үг сонсогджээ. Мань эр цагаа харав. Тэр бол дохио байлаа. Зочид гар буугаа сугалж аваад тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь буудан хороожээ. Дараа нь эрэг рүү гүйлт хийн завиндаа сууцгаав. Удахгүй энэ бүлэг хүмүүс Израилийн Ашдод боомт дээр хөл тавьж байсан юм. Энэ бол 26 настай Меир Даганы удирдсан шинэ нэгтгэлийн явуулсан анхны ажиллагаануудын нэг байсан билээ. Нэгтгэлийг “Римон” гэж нэрлэсэн байна.

Өнөөдөр Израилийн арми болон цагдаад “мистаарвим” гэдэг нэртэй анги нэгтгэлүүд байдгийг “арабууд” гэж орчуулж болно. Тэдгээрийн дийлэнх нь хугацаат цэргийн алба хаагчид бөгөөд энэ залуус араб хүний дүрд хувиран тагнуулын үйл ажиллагаа явуулдаг юм. Тэд харийн газар нутаг дээр олны дотор орж нэвтрэн гэнэтийн ажиллагаанууд явуулдаг. Өдгөө энэ нь бараг аалзны тор шиг болж хувирчээ. Харин ийм анхны анги нэгтгэл нь Даганы байгуулсан “Римон” билээ. Тэр үед цэргийн Өмнөд тойргийг удирдаж байсан Ариэль Шарон Газын зурвас руу Даганыг урьсан гэдэг. Газын зурваст нөхцөл байдал хүндэрч, хяналтаас гарахад ойрхон байлаа. Алан хядагчид оршин суугчдыг хүйс тэмтэрч байснаас гадна хорлон сүйтгэх ажиллагааг олноор явуулж байсан юм. Иймээс Шароны яаравчлан дуудсан ахмад дайчид тэнд эмх журмыг тогтоох учиртай байжээ. Тэдэн дээр Даган нэмэгдсэн аж. Тэрбээр Газын зурвасаар жийп машин хөлөглөсөн шиг аялж байсан юм. Хажуудаа доберман нохойгоо суулгахын сацуу иж бүрэн зэвсэгтэй явдаг байв. Заримдаа тэр Газын гудамжнаа араб хувцас өмсч, илжиг унасан байдалтай харагдана. Хэдхэн сарын дотор Газын зурвас ариун газрын хамгийн амар амгалан нутгуудын нэг болсон бөгөөд 1987 оныг хүртэл энэ байдлаа хадгалж үлджээ.

Хожим нь Шарон нэгэнтээ “Меирын нэг хосгүй чадвар бол алан хядагчийн толгойг их биенээс нь гайхалтай салгах авьяас юм” гэж хэлсэн байдаг. Хошигносон байх гэж найдъя. Энэ хошин яриа 1970-аад оны үед гарсан юм. Иймэрхүү хошигнол тэр үед олон гарч байжээ. 1972 онд Израилийн ард иргэдийн эсрэг хэд хэдэн цуврал аллага үйлдэгдсэн билээ. Германы Мюнхэн хотод зохиогдож байсан Зуны олимпийн тоглолтын үеэр Израилийн баг тамирчдыг барьцаалж, 11-ийг нь хороосон аж. Түүнчлэн Брюссель хотод “Моссад”-ын шуурхай ажилтан алагдаж, Лондон хот дахь Элчин сайдын яамны атташе хороогдсон билээ. Тиймээс Израилийн удирдлага тэдгээрийг зохион байгуулсан хүмүүсийг зүйл дуусгах шийдвэр гаргажээ. Тэдгээр нь “Хар есдүгээр сар” бүлэглэлийн 11 дайчин байсан юм. Эхний палестин хүнийг 1972 оны аравдугаар сарын 16-ны өдөр 11 удаа буудаж хороожээ. 1973 оны долоодугаар сар гэхэд найман хүн хороогдсон байлаа. Өөр нэгийг нь 1978 оны дөрөвдүгээр сард зүйл дуусгав. Бүлэглэлийн ахлагч Али Хасан Саламехийг Бейрут хотод 1979 онд дэлбэлжээ. Хамгийн сүүлчийн гишүүнийг нь Польшийн Лодзь хотод 1981 оны наймдугаар сарын 1-нд хүндээр шархдуулсан юм. Албан ёсны мэдээллээр бол тэр хүн хожим эмнэлэгт амьсгал хураажээ. Ямар ч байсан түүнийг дахиж хэн ч амьдаар нь хараагүй билээ.

“Моссад”-ын тагнуулчид нацистын гэмт хэрэгтнүүдийн араас мөн уйгагүй хөөцөлджээ. Үүнтэй холбоотой ажиллагаануудыг өнөөг хүртэл явуулсаар байгаа юм. Зарим нэг мэдээллээр бол жүүдүүд Холокостын он жилүүдэд зургаан сая гаруй жүүд хүнийг хорооход ямар нэгэн оролцоотой байсан нэг мянга гаруй нацистуудыг устгажээ. Хамгийн дуулиантай ажиллагаа бол Аргентин улсад нуугдаж байсан яргачин Адольф Эйхманыг барьсан үйлдэл билээ. Түүнийг барвчлах ажиллагаанд Исер Харель өөрийн биеэр оролцжээ. Эйхман СС-ийн аюулгүй байдлын албанд ажиллаж байсан бөгөөд “Жүүдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь” гэсэн нэртэй ажиллагааг санаачлагчдын нэг юм. Энэ хүн Европын хотуудад жүүдүүдийн хорих хуаранг байгуулах санааг анх гаргажээ. “Нэг муу хөөрхий жүүд хүнийг болон бүхэл бүтэн бүлэг хүмүүсийг устгахад энэ хүн ямар их мэрийлттэй оролцож байсныг мэдээд би бачуурч билээ” гэж Харель өөрийн бичсэн “Гарибальди гудамжин дахь байшин” номондоо өгүүлсэн аж. Тэр номондоо тэрбээр Эйхманыг саатуулсан ажиллагааг дэлгэрэнгүй дүрсэлжээ.

Эйхманы ул мөр 1945 оны тавдугаар сард баларсан билээ. Мань хүн таван жилийн туршид Европт нуугдаж байсан гэдэг. СС-т алба хааж байхдаа хийлгэсэн шивээснүүдээ арилгуулж дөнгөсөн байлаа. Дараа нь экс нацистуудад тусладаг нууц байгууллагын тусламжтайгаар Аргентин улс руу оргон зайлжээ. Хоёр жилийн дараа тэр тийшээгээ гэр бүлээ аваачин нам гүмхэн амьдрах болсон аж. Эйхман амьд гэсэн мэдээлэл анх “Моссад”-ын гарт 1957 онд орсон юм. Энэ мэдээллийг ХБНГУ-ын хамтран ажиллагсад нь дамжуулав. Буэнос-Айрэс хотод түүний хөвгүүдийн нэг Николас олдсон байна. 1959 онд Харель Эйхмантай тун төстэй нэгэн хүн тус хотын Гарибальди гудамжинд Рикардо Клемент гэдэг нэрийн дор амьдран суудаг бөгөөд хувцас цэвэрлэгээний газар ажиллуулдгийг нь олж мэджээ. Түүнийг ажиглалтад авсан бөгөөд “Моссад”-ын ажилтнууд түүний бүх зуршил болон өдрийн дэглэмийг нь судлав. Гэвч тэр хүн үнэхээр Эйхман мөн эсэх нь тодорхойгүй байлаа. 1960 оны гуравдугаар сарын 21-нд тэр хүн гэртээ цэцэг барьж орсон бөгөөд эхнэртээ бэлэглэжээ. Тэр өдөр түүний мөнгөн хуримын ойн өдөр байсан юм. Эйхманыг баривчлах шийдвэр гаргав. Харель ч Аргентиныг зорьсон байна.

Баривчилгааг 30 туршуулаас бүрдсэн бүлэг явуулжээ. Эйхманыг отож байгаад машинд суулган авч яваад долоон хоногийн туршид зочид буудалд нуусан аж. Дараа нь нойрсуулах тариа хийгээд өвчтэй хүний дүрээр Израиль руу тус улсын Гадаад хэргийн яамны онгоцоор авч явсан байна.

Израилийн дипломатчид Аргентин улсад тус улсын тусгаар тогтносны 150 жилийн ойн баярт оролцохоор ирсэн байжээ. Нацист эрийг баривчилсан гэдгийг Ерөнхий сайд Бен-Гурион ч мэдээгүй суусан гэдэг. Израильд очсон даруйдаа Харель түүн рүү утасдаад “Би чамд бэлэг авчирлаа. Эйхман энд байна” гэж хэлэв.

Нацистын гэмт хэрэгтнийг шүүсэн бөгөөд дүүжлэн хороох ял оноосон билээ.
Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл бичих