Нинжагийн үнэн түүх ба нууцууд

Хар өнгийн хувцастай хурдан шаламгай хөдөлгөөнтэй хананд яг л аалз шиг авирч, гэрэл дунд харагдахгүйгээр хөнгөхөн нь аргагүй муур лугаа адил гүйж чаддаг эрдэм чадалтай, ямар ч дуу чимээ гаргалгүй үйл хөдлөлөө хийж чаддаг учраас Самурай нар ч тэднийг мэдэж цагдаж барих нь ховор байдаг. Мөн тэд маш их илүү сэрэмж мэдрэмжтэй дайснаа ч гэсэн хөнөөж чаддагт нь бусад хүйтэн зэвсэгтнүүд нь атаархан гайхдаг билээ. Үйл хөдлөлдөө илүү дутуу дуу чимээ, хөдөлгөөн гаргалгүйгээр, ямар ч үүд хаалгыг нээж, сарны гэрэлд сүүдэр мэт үзэгдэж, тэдний сэлэмний үзүүр л зөвхөн сарны гэрэлд гялтганах ажгуу.

Энэ бол кино хийгээд комик номнууд дээр гардаг үл үзэгдэгч харанхуйн дайчин буюу нинжа билээ. Тэд гэмт хэргийн ертөнцийн хүн хөнөөх урлагийн дээд хэлбэрийн нэг нь болж шидтэн мэт авъяас чадвартай, хар өмсгөлтэй нууцлагдмал алуурчид билээ. Тэднийг хий үзэгдэл ч гэхэд хэлсдэхгүй боловч нинжа нар бол түүхэндээ үнэн бодитоор оршиж байсан юм. Одоо нинжатай холбоотой бүхий л зүйлс Японы түүх, соёлын хамгийн алдартай зүйлийн нэг хэсэг нь болжээ. Тэдний хэрэглэж байсан эдлэл хэрэглэл болон тэдэнтэй холбоотой таних тэмдэг, дүрсүүд нь одоо хүртэл хүмүүсийн дунд алдартай хэвээрээ байсаар байгаа билээ. Нинжагийн үүсэл
Нинжагийн урлагийг яг хэдийд анх яаж гарч ирсэн бэ гэдэг нь тодорхойлоход маш төвөгтэй маргаантай байдаг хэдий ч тэднийг “шиноби” хэмээн эрт үед арлын Японд нэрлэдэг байжээ. Үүний дараагаар тэднийг дэлхий даяараа “нинжа” нэрээр нь илүү их өргөн цар хүрээнд мэддэг болсон бөгөөд тагнуулч, хөлсний алуурчингаар төсөөлдөг болсон билээ. Японы ард түмний дунд эртний ам дамжсан яриагаар бол нинжа нарыг чөтгөрийн гар хөл хэмээгээд хагас хүн, хагас нь хэрээнээс бүтсэн гэж домог үлгэр мэтээр ярьдаг байжээ. Мөн нинжа нар урт удаан хугацаанд өөрсдийнх нь эсрэг санаатай нийгмийн дээд түвшнийдавхрагынхантай цаг үргэлж тэмцсээр иржээ. Нинжагийн хамгийн том өрсөлдөгч нь хэдэн зууны тэртээгээс Япон хэмээх арлыг захирч ирсэн самурайн засаглал байжээ. Авъяас чадвар бүхий дайтах, нуугдан алга болох гайхалтай урлагийг “нинжицу” гэдэг байсан бөгөөд энэ нь нинжагийн эх суурь эрдэм юм. Нинжицу урлаг нь МЭ 600 оноос 900 оны хооронд буюу тодорхойлбол Шотоку ханхүүгийн үед (574-622) оны хооронд хөгжиж эхэлжээ. Нинжицу урлагт эх газрын нөлөө нөлөөлсөн нь
850 оны үед эх газрын Хятадыг нэлээдгүй хугацаанд захирч байсан Тан улсын уналтын үе байлаа. Ингээд 907 онд Тан улс бүр мөсөн мөхсөн юм. Ингээд 50 жилийн туршид Хятадыг эмх замбараагүй байдал ноёрхож байсны эцэст Тан улсын генерал удирдагч нар шуурхайлан шар тэнгисийг гатлан арлын Япон руу зугтацгаасан байдаг. Тэдгээр удирдагчид өөрсдийнхөө мэддэг байлдааны арга барил, тулааны урлаг, ертөнцийг үзэх гүн ухааныг аван Японы арал дээр газарджээ. Үүнээс хойш тэд Японы арал дээр аж төрөхийн тулд тухайн үеийн Японы хаад, ноёдуудад өөрсдийнхөө мэддэг тулааны аргуудыг зааж өгсөн нь тухайн үеийн Японы тулааны урлагийнханд нэлээдгүй хэмжээгээр шинэлэг нөлөө үзүүлсэн түүх байдаг ажээ. Энэ явдлын дараагаас олон жилийн дараа Хятадаас ирсэн бурхны шашин түгээн дэлгэрүүлэгч лам нар 1020-иод оны үед Японы арлууд руу олноороо хүрэлцэн очицгоох болжээ. Лам нар мөн л шинэ, урьд хожид ерөөс мэддэггүй байсан олон төрлийн анагаах ухааны аргууд, гүн ухаан, тулалдах урлагийн арга барилуудыг авч очжээ. Лам нарын Японд түгээсэн гүн ухаан, шашны ухааны үүсэл гарал нь Энэтхэгээс уламжилж ирсэн байсан боловч тэдгээрийг нь Төвд болон Хятадууд өөр өөрсдийн арга барилдаа нийцүүлэн хөгжүүлсэн байжээ. Японд ирсэн эх газрын лам нар нь Японы дайн тулааны урлагийнханд болоод бурханы шашин номлогч лам нарт арга барилуудаа зааж өгөхөөс гадна “ямабуши” буюу ууланд нуугдан амьдардаг төрийн эсрэг бослого, үймээн өдөөдөг босогчдод тулалдах урлагаа зааж өгсөн нь “нинжицу” буюу үл үзэгдэгчийн урлагийн эхлэл суурийг тавьжээ. Ямабуши нь анхандаа ууланд орогногсод буюу Ямано-хизэдари уулын ухаантнууд хэмээн нэрлэгддэг байжээ. Тэд өөрсдийн ертөнцийг танин мэдэх үзэл болсон номлолоо бясалган хөгжүүлэхийн зэрэгцээ анагаах ухаан, эмийн ургамалын нарийн мэдлэгтэй, зурхайн ухааныг ч гаргууд мэддэг байжээ. Үүгээрээ ард олны дунд их нэр хүнд олсон боловч тэр үеийн эрх баригчдын зүгээс тэднийг мөрдөн мөшгих болов. Ид шидийн ухаанаар хүмүүсийг мунхруулдаг гэж ял тулган ямабуши нарын номлолыг хууль бус хэмээн зарлан тунхаглажээ. Ийнхүү хувь заяаны эрхээр тэд ойн гүнд, уулын оргилд олноороо бүгж нууцаар цугларцгаадаг хийдийг байгуулан амьдарцгаах болжээ. Нара эрин буюу 700-аас 800-аад оны үед ямабуши нарыг мөрдөн мөшгиж хавчин, залхаан цээрлүүлэх явдал нь улам ширүүсч уулан дахь тэдний байрладаг нууц газруудыг самурайн бүлэглэлүүд уулгалан үе үе дайрч баривчилгаа явуулдаг байв. Яг энэ үед өөрсдийгөө хамгаалах зорилгоор “Сехей” гэдэг санваартан өөрсдийгөө хамгаалах дайчдын бүлэг байгуулж тусгай бэлтгэл сургуулийн тогтолцоо боловсруулсан байна. Нинжицу урлаг нь гурван гол үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг
Үүнд:
- Тэнгэрийн номлол буюу дайсныхаа дээрээс довтлох арга
- Газар доороос гарч ирж довтлох арга
- Биеэ эвтэйхнээр авч зугтах арга барил ордог байжээ. Эдгээр гурван арга барилууд дотроо зэвсэггүйгээр бие хамгаалах өвөрмөц арга хэлбэрүүд болох унтуулах, хордуулах бэлдмэл бэлтгэх, гарын доорхи янз бүрийн зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэх арга барил мөн амиа хамгаалах олон арга ордог байсан байна. Нинжагийн сургууль байгуулагдсан нь
Хятадаас бурхан шашны соёлтой хамт шаолины тулааны аргууд болон ертөнцийг үзэх гүн ухаанууд ирсэн нь тухайн үеийн Японы уламжлалт соёл урлагуудтай зуун зууны хугацаанд хольж хутгалдсанаар “нинжицу” буюу оршин буй нийгмийнхээ хууль дүрмэнд үл захирагддаг босогчид энэ урлагийг хөгжүүлжээ. Үүнийг анх хөгжүүлэгч, удирдагч нь Дайсуке Тогакуре болон Кайн Доши нар байсан юм. Дайсуке Тогакуре урд хожид тэрээр нийгмийн өндөр хэргэм зэрэгтэй самурай хүн байжээ. Гэвч тэрээр газар нутгийнхаа төлөөх тулалдаанд ялагдсанаар түүний амьдрал орвонгоороо эргэсэн байдаг. Иймээс тэрээр өөрийн эрх мэдэлдээ захирдаг байсан газар нутгаа алдаж мөн самурай хэмээх эрхэм нэр хүндтэй цолоо ч алджээ. Ялагдсан талын самурай нар нэр төртэйгөөр “хиракири” хийх буюу өөрийнхөө гэдсээ хүүлж хөнөөдөг байсан авч Дайсуке тэгэлгүйгээр харин ууланд гаран зугтаж өөрийн хувийнхаа тэмцлийг үргэлжлүүлэн мөн тулалдах урлагаа улам ихээр хөгжүүлж эхэлжээ. Нэгэн удаа 1162 онд Дайсуке Хоншугийн баруун өмнөд зүгийн уул нуруудаар даяан хийж явахдаа Кайн Доши хэмээх эх газрын Хятадаас ирсэн шаолины ламтай танилцжээ. Кайн Доши их дайчин, зоримог лам байсан бөгөөд төр засгийн буруу бодлогод ихэд зэвүүцдэг нэгэн байжээ. Дайсуке самурай нарын зан ёс суртахуун болох “Бушидо”-г үл зөвшөөрдөг нэгэн байсан агаад тэр хоёр хамтдаа самурайн арга барилыг эх газрын тулааны урлагтай хольж нийлүүлэн гаргаж ирсэн “нинжицу” гэж нэрлэгдсэн байлдааны шинэ арга барилыг хөгжүүлж эхэлсэн байдаг. Дайсуке дараа дараагийнхаа хойч үеийнхэндээ “Тогакурерюу” гэдэг ирээдүйн нинжа нарыг бэлддэг сургуулийг байгуулсан түүхтэй ажээ. Нинжагийн оршин байдаг газар нь энгийн хүн очиж чадахааргүй хүнд хэцүү өндөр уулын орчин нөхцөлд амьдардаг байжээ. Тэд ихэвчлэн эцэг эхгүй өнчин өрөөсөн хүүхдүүдийг олж ирж, заримыг нь худалдаж авах гэх мэтээр янз бүрийн аргаар олж ирж нинжагийн эрдэмдээ суралцуулна. Ингэхийн учир нь тэдгээр хүүхдүүдийг хайрлаж хамгаалах хүмүүс байхгүй учраас өрөвдөх сэтгэлгүй нинжа мөн сайн алуурчин болдог байжээ. Мөн ахлагч нинжа нар өөрсдийнхөө нууц эрдэмээ зөвхөн өөрийнхөө үр хүүхдэд эсвэл итгэл даах хамгийн сайн шавьдаа өвлүүлдэг байжээ. Нинжицуг самурайн бушидо-той харьцуулах нь
“Нинжицу нь самурайн бушидогийн эсрэг арга барил, хэрэглэх хүч юм” гэж нинжагийн сурах бичгүүдэд бичээстэй байдаг ажээ. Бушидо буюу самурайн ёс суртахуун нь маш их сүрлэг ариун журам ёс боловч энэ нь яг үнэндээ тэдэнд амжиргаагаа авч явах, ямар нэгэн ажил, төрөл хийхэд нь ихээхэн саад тушаа болдог байжээ. Учир нь самурай бол бушидо ёсоо баримталж элдэв муу муухай ажил хийлгүй, нэр төртэй байж шударгаар амьдрах шаарддлагатай байжээ. Харин нинжицу урлагийн хувьд самурайгийн “бушидо”-оос тэс өөр, ямар ч үед ямар ч нөхцөл байдалд их уян хатан ханддаг бөгөөд өгсөн даалгавараа биелүүлэхийн тулд бүхий л арга чаргыг ашигладаг. Тухайлбал хортой могойгашиглан довтлох, хортой зэвсэг хэрэглэх, сэтгэлд гаж нөлөө үзүүлдэг зэвсэг хэрэглэдэг байхад самурайн нар бол ингэж дайснаа ялах нь ичгүүртэй хэмээн үздэг байлаа. Самурайн үнэнч зан болоод үйл хэрэгтэй хүндэтгэлтэй ханддаг байдал нь бусдад асар ихээр үнэлэгддэг байжээ. Халз тулалдаан үед самурай нар нэг л өрсөлдөгчтэй эрэгчин эмэгчнээ үздэг, өөрийнхөө үйлдлийг шударгаар зарладаг байжээ. Мөн самурайн гэр бүлийн удам угсаа бол хааны дараа хүндлэгдэх нэр төртэй удам угсаа сайтай хүмүүс байсан юм. Самурай хүн хэзээ ч өрсөлдөгчийнхөө ар хойноос нь довтолдоггүй байна. Самурай хүн дандаа цайвар өнгийн хувцас өмсдөг мөн хуяг дуулга нь хүртэл самурайн овог бүлэглэлийг хийгээд хэргэм зэргийг илтгэдэг байжээ. Гэхдээ нинжа нар хэдийгээр шударга бус үйлдлийг хийдэг байсан боловч нинжа нар өөрсдийнхөө дүрэм журмыг ягштал баримтлан, дагаж мөрддөг байжээ. Нинжагийн гол зэвсэг бол “тэвчээр” юм. Нинжа бусад төрлийн тулааны урлагаас өөрийн гүн ухаан болон тэр дундаа “үхлээс зугатаах” ямарваа нэгэн аргаар амьд үлдэх ухаанаараа маш их ялгардаг юм. Нинжа гэж хэнийг хэлдэг байсан бэ?
Нинжа нарын эгнээнд нэгдсэн хүмүүс нь Дайсуке Тогакуре шиг самурай байж байгаад гутамшигтайгаар нэр төрөөн алдсан хүмүүс байсан юм. Тэд дайн тулалдаанууддаа ялагдал хүлээсэн самурай нар байсан бөгөөд тухайн үеийн засаглалын хэлбэр буюу Даймёо нарт бууж өгч толгойгоо авахуулах эсвэл өөрийгөө егүүтгэх хиракирий хийхийг хүсээгүй зугтсан самурай нар байсан ажээ. Тэдний ихэнх нь сурвалжит гаралтай бус энгийн самурай нар байсан байна. Мөн тэдний заримнь тосгоны энгийн ажилчин, тариачин болоод фермерүүд байжээ. Тэд үнэндээ самурайн адилаар тулалдах урлагт суралцаж өөрсдийнхөө эрх ашгийг бусад муухай дээрэлхүү ханддаг дээрэм тонуул хийдэг зэрлэг самурай нараас л хамгаалахыг хүссэн хүмүүс байсан ажээ. Олны дунд хамгийн алдаршсан нинжа нарын түшиц газрууд бол Кога болон Ига хотууд байсан юм. Мөн тухайн цаг үедээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүйгээр нинжагийн эрдэмд суралцаж, тэдний эгнээнд хүчин зүтгэж байжээ. Эмэгтэй нинжа нарыг “куноичи” гэж нэрлэдэг байсан агаад царай биеийн байдлын хувьд их үзэсгэлэнтэй байсан болохоор дайсныхаа ордонд дууч, бүжигчин, биеэ үнэлэгч гэх мэтээр нэвтрэн орж ерөнхийдөө бол гэшагийн дүрээр шургалан ордог байжээ. Тэд хамгийн гайхалтай, амжилттай гэж хэлж болмоор тагнуулчид, маш сайн алуурчид байсан аж. Самурай нар нинжа нарыг ашигладаг байжээ
Зарим самурайгийн ноёдууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дайн тулаан үүсгэх, тулаан тэмцэлд эсрэг талаа өдөөж чаддаггүй байжээ. Учир нь самурай хүний баримтлах ёстой хатуу дэг ёс болох бушидогоосоо болоод мөн нэр хүндээ булингартуулахаас эмээн ийнхүү тэмцэл үүсгэж болдоггүй байсан ажээ. Тиймээс тэд ихэвчлэн бохир ажлуудаа нинжа нарыг хөлслөн хийлгэдэг байсан юм. Самурайн удирдагчид нь нинжа нараар эсрэг талынхныхаа үйл ажиллагааг нууцаар тагнуулдуулж, аль эсвэл бүр аллага хийлгэдэг байснаас гадна худлаа буруу ташаа мэдээлэл гадуур тархаахад ашигладаг байж. Харин нинжа нар хөлсөлсөн самурайн нэрийг баастахгүйгээр гүйцэтгэдэг байсан юм. Энэ тогтолцоо нь их үр дүнтэй байснаас гадна нинжа болон самурай нарт аль алинд нь ашигтай байдаг байжээ. Нинжа нар өөрсдөө хийх дургүй бүр заваан, бохир ажлаа доод түвшний энгийн итгэл даахаар хүмүүсээр хийлгэдэг байсан байна. Тэдгээр хүмүүсээр худлаа, муу цуу үг тараалгах гэх мэт нинжа нар өөрсдөө хутгалдахааргүй заваан ажлуудаа хийлгэдэг байжээ.Нинжа нар олон талд зэрэг ажилладаг байсан нь сүүлдээ самурай нар уг тэгш бус үйлдлүүдийг нь жигшиж зэвүүцэх шаардлагатай болгосон юм. Нинжа нарыг дотор нь хийлгэх ажил, авъяас чадвараас нь хамааруулаад “өндөр” зэрэглэлийн , “дунд” зэрэглэлийн, “чунин” буюу дундаас доогуур зэрэглэлийн мөн бүр доод зэрэглэлийн буюу “генин” нинжа гэж хуваадаг байжээ. “Өндөр” зэрэглэлийн нинжа нар нь барагтай бол хөлсний ажилд явдаггүй бөгөөд чухал нэг бол асар их хэмжээний хөлс өгсөн хүмүүст л үйлчилдэг байсан юм. Харин “дунд” болоод “доод” зэрэглэлийн нинжа нар нь амар хялбар аль эсвэл муу ажлуудыг гүйцэтгэдэг байжээ. Нинжагийн хувцас, хэрэглэл болон зэвсэг
Орчин үеийн ном сэтгүүл, кинонуудад нинжа нарыг зөвхөн нүдээ завсраар нь гаргасан байдалтай, хар өнгөтэй хувцастайгаар дүрсэлдэг. Тэдгээр хувцас бол зөвхөн эртний Японы уламжлалт театр буюу Кабуки-д нинжагийн хувцсыг төсөөлөн бодож хийсэн хувцас юм. Хүмүүс түүнийг нь энэ хувцасыг нинжа нар өмсдөг байсан мэтээр ойлгох болжээ. Яг үнэндээ нинжа нар нь тэнгисийн армийн гэмээр хар хөх өмсгөлтэй байсан юм. Ингэж хувцаслах нь шөнийн ажиллагаанд их тохиромжтой байжээ. Хар хувцас өмсөх нь их тод ялгарч харагддаг харин хар хөх өнгийн хувцас нь шөнө уусч үзэгддэг байсан учраас дийлэнхдээ хар хөх өнгийн хувцасыг хэрэглэдэг байжээ. Мөн түүнээс гадна зарим үед тэд өөрсдийнхөө тагнуул хийхэд тохиромжтой байдлаар даалгавар биелүүлэх газрын орчин тойронтойгоо нийцүүлсэн хувцас өмсдөг байсан ажээ. Нинжагийн хэрэглэл болон зэвсэгүүд
Шинобигатана буюу дунд зэргийн урттай сэлэм, урд хэсэгтээ хутгатай жад болон хатуу модон урт саваа ашигладаг. Харин гардан тулааны урлаг нь яг карате маягаар өшиглөж цохиж, жудо маягаар барилдах аятай ноцолдох, жузицу буюу сэлмээр тулалдах урлаг мөн аякидо-той төстэй байдлаар дайсныхаа хүчийг нь дагуулж дийлэх гэсэн үндсэн дөрвөн гардан тулааны урлагуудыг эзэмшдэг байжээ. Нинжа нар нь “шуко” буюу Японы уламжлалт гар хамгаалах төмөр хэрэгсэлтэй төстэй гэж хэлж болмоор барын савар мэт онцгой төмрийг гартаа углан мөн гутландаа төмөр дах хийн уул, хаданд саадгүй авирдаг байсан юм. Мөн эмэгтэй нинжа нар “тессен” гэдэг ирлэсэн төмөр дэвүүрийг ашигладаг байсан аж. Нинжа нар жижиг хэмжээтэй хурц иртэй хутга мөн од шидэж хэрэглэдэг байсан байна. Тэднийг үргэлж нуруундаа сэлмээ үүрдэг байсан мэтээр үзүүлдэг нь ташаа ойлголт юм. Нинжа нар зөвхөн юманд авирах тохиолдолд л нуруундаа сэлмээ үүрдэг байжээ, учир нь үргэлж нуруундаа үүрч явах нь юманд тээглэж баригдах нөхцөл байдалд хүргэж болзошгүй учраас дандаа самурайн адилаар ташаандаа авч явдаг байжээ. Ер нь нинжа гартаа баригдсан юуг ч зэвсэг болгож ашиглаж чаддаг байсан нь тэднийг үнэхээрийн гайхамшигтай зэвсгийн эрдэмтэн гэдгийг нь илэрхийлдэг байжээ. Нинжагийн арга барилууд
Нинжицу бол бодит байдлаас ургаж гарсан үр дүнтэй арга барилуудыг ашигладаг байсан аж. Хэрвээ ямар нэгэн арга мэх нь амьдрал дээр бодитоор үр дүнтэйгээр хэрэгжих аваас тухайн аргыг ашиглахыг хүлээн зөвшөөрдөг байжээ. Тэд довтлохдоо эхлээд гал тавих гэх мэт олныг цочроосон байдлаар дайснаа заавал сандралд оруулж дараа нь жинхэнэ дайралтаа хийдэг байсан юм. Нинжа нар нь зөвхөн өөрсдөө ойлгогдохуйц нууц тэмдгүүдийг явсан газартаа тавьж ашигладаг мөн өндөрлөг газар утаа, май тавьж өөр хоорондоо мэдээлэл солилцдог байжээ. Үүнээс гадна ямар нэгэн амьтны дуу чимээг дуурайн өөр хоорондоо ярих мөн даалгавар гүйцэтгэж байхдаа дуу чимээ гаргалгүйгээр дохио зангаагаар харилцах гэх мэт аргуудыг өргөнөөр ашигладаг байжээ. Бүх нинжагийн сургуулиудад үндсэн найман арга барилуудыг заадаг байсан байна. Үүнд: Биеийн ур чадвар тэсвэр хатуужилтай холбоотой дасгал сургуулилтууд, гардан тулааны урлагууд, жадтай тулалдаан, олон хүнтэй хэрхэн тулалдах арга, хутга шидэлт, гал болон ус ашиглах талаар, төлөвлөгөө зохиох болон хамгаалалт хэрхэн хийх талаар мөн хамгийн сүүлд нь хэрхэн нуугдах, зугтах талаарх хичээлүүдийг заадаг байжээ. Олон нинжа нарын зэвсэг нь аж ахуйн хадуур, гар хөрөө, мод хайчилдаг хайч гэх мэтийг зэвсэг болгон өөрчлөн ашигладаг байжээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар орхигдож гээгдүүлсэн ч нинжа гэж таамаглахааргүй харин энгийн босогч аль эсвэл тариачин мэт ойлгуултыг төрүүлдэг байсан байна. Нинжа нарын дунд мэргэжлийн хор найруулдаг эмч гэж хэлж болохоор мэргэжилтнүүд байдаг байжээ. Тэднийг ерөнхийд нь эмчлэгч нинжа хэмээн нэрийднэ. Тэд үүнээс гадна хоол унданд хор хийж эсвэл хортой сумыг үлээж дайснаа хөнөөдөг байжээ. Зарим нинжа нь илбэчин эсвэл лимбэчин болж зүсээ хувиргадаг ер нь янзан бүрийн байдлаар зүсээ хувиргадаг байж. Олон нийтийн уушийн газар лимбэ тоглонгоо дайснаа хялбархан нь аргагүй хортой сумаар үлээчихдэг байсан гэж түүхийн олон судар бичигт өгүүлжээ. Нинжагийн хөгжин цэцэглэлтийн үе болон уналтын үе
Нинжа нь 1336 оноос 1600 оны хооронд хүчтэйгээр гарч ирэн хөгжсөн юм. Эдгээр он жилүүдийн хугацаанд Японы ноёрхогч засаглалууд бие биенээ үзэн ядсан дотоод хямралтай дайн байлдаантай байсан юм. Нинжа нар нь ур чадвараа ашиглан Японд ноёрхохыг хүссэн бүх талуудад хүчин зүтгэж байсан юм. Нанбукучогийн дайн (1336-1392 он)
14-р зуун гарнаас хагас зуун жилийн тэртээд Япон улс хоёр том эзэнт гүрэн болж хуваагдан дайн тулааны байдалтай байх болжээ. Аль аль талууд нь нөгөө талаа эзэлж авахын тулд их хүчтэй тулалддаг байсан юм. Хойд хэсгийн эзэнт гүрэнг “шогун” гэж нэрлэгдсэн хааны удмын генералууд захирдаг байлаа. Харин өмнөд хэсэг нь захирагч “Го-Дайго”-ын захиргаан дор байдаг байжээ. Тэд аль аль нь нөгөө талаа өөрийнхөө эрх мэдэлд оруулахын тулд ширүүн дайтна. Яг энэ л үед нинжа нар хоёр талын аль аль талд нь хүчин зүтгэж дундаас нь ашиг хонжоо хождог байжээ. Нэгэн удаа нинжа нар хойд нутгийн шогунуудын захиалгаар даалгавараа биелүүлэхийн тулд өмнөдийн ихээхэн түшиц газар болсон Хачиман-Яаман хэмээх өндөр хэрмэн цайз руу авирч, шатаан түймэрдэж хүйс тэмтэрч байсан түүх байдаг ажээ. Хойд хэсгийн удирдагчид ерөнхийдөө уг явдлын дараагаар ялалт байгуулсан гэхэд хэлсдэхгүй бөгөөд захирагч “Го-Дайго”-ын эзэмшилд байсан хэсэг нь ердөө жаахан газар нутаг болон хувирчээ. Онинын дайн (1467-1477 он)
Нанбукучогийн дайнаас ердөө 70 гаруйхан жилийн дараа Онины дайн эхэлжээ. Нинжа нарын хувьд уг дайн нь их хүндээр туссан гэж хэлж болно. Эхэндээ уг дайн нь “Ашикага” гэдэг бүлэглэлийн эрх баригчдын дотор болсон байна. Гэвч удалгүй дайн хальж үндэсний хэмжээний иргэний дайн болон хувирчээ. Уг дайн нь нийтдээ арван жил үргэлжилсний эцэст дуусгавар болжээ. Энэ үйл явдал бол зүгээр зохион байгуулалттай үймээн самуун байсан бөгөөд энэ үеийг “Сенгоку Жидай” буюу “Газар нутгийн төлөөх тулаанчдын үе” хэмээн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ. Нинжа нар 1467-оос 1568 оны хоорон дахь “Сенгоку Жидай”-ын тулалдааны үед аль аль талд нь үйлчилж байв. Нинжа нар “канчо” буюу тагнуулын үүрэг, “коран” буюу ухуулагчийн үүрэг, “тейсацу” буюу туршуулын үүрэг гүйцэтгэж мөн “кишо” буюу эсрэг тал руугаа санаандгүйгээр гэнэт довтолдог байжээ. Нинжа нар ихэвчлэн шилтгээн цайз руу их дайран нэвтэрч шурган орж доторх хамгаалагчдыг сарниулж саатуулж байгаад ордон дахь цэргийн армийг гадна талаас нь бүсэлж авах гэх мэт сонин аргуудыг ашигладаг байжээ. Нинжа нарын мөхлийн үе (1581 он)
Нинжа нар бол “Сенгоку Жидай” дайны үеийн хамгийн чухал үүрэгтэй хүмүүс байлаа. Гэвч уг дайнаас хойш нинжа нарын нөлөө нь тогтворгүй болон иржээ. Учир нь 1551-1582 оны хооронд түүхэндээ хамгийн хүчтэй гэгддэг захирагч Ода Нобунага гарч ирж Японыг нэгдсэн нэг улс болгож чаджээ. Иймээс нийт Япон даяар амар амгалан ноёрхох болж харин нинжа нарын шаардлага бараг байхгүй болсон юм. Эзэн хаан Ода Нобунага нь Ига болон Кога хотуудад маш их нэр сүр хүч нөлөөтэйгөөр байсаар байсан нинжа нар бол нэгдсэн төр улсыг бутаргах хамгийн хүчтэй дайсан мөнөөсөө мөн гэдгийг нь олж харжээ. Иймээс захирагч Ода Нобунага гэнэтийн асар их хүчээр Ига хот дахь Нинжа нарын эсрэг дайн зарлан довтолжээ. Тийнхүү нинжа нарын ихэнх нь ялагдан, сарниж бутран ойролцоо мужууд мөн нэлээдгүй хэсэг нь Кий уулын нуруудаар тархан дэндүү нуугдмал байдалд байцгаах болжээ. Ингэж нинжа нарын суурь баазыг нь устгаснаар тэднийг сүрхий доройтуулж чаджээ. Гэсэн хэдий боловч нинжа нар бүр мөсөн алга болоогүй юмаа. Нинжа нарын зарим нь захирагч Ода Нобунага-ын эсрэг санаа зорилготой байсан Токугава Иеяасу гэгчийн талд хүчин зүтгэх болжээ. Үүний үр дүнд генерал Токугава Иеяасу нь 1603 онд Японыг захирах болсон томоохон феодалын нийгмийн хамгийн том удирдагч болох “Шогун” болсон байдаг. Уг явдлаас хойш нинжа нарын тоо нь үлэмж хэмжээгээр багассан боловч тэд хойд болон өмнөд талын захирагч нарт аль алинд нь үйлчилсээр байсан юм. 1600-аад онд нэгэн цуутай үйл явдал болжээ. Токугава Иеяасу-д эзэмшилд байсан Хатаяа хэмээх өндөр цамхагийг хамгаалж байсан нинжа нар урван тэрсэлж цамхагийнхныг бүгдийг нь хөнөөсөн байдаг. Уг цамхаг нь Токугавагийн стратегийн хувьд асар их ач холбогдолтой объект байсан бөгөөд бүсэлж авч эсрэг талд нь хүлээлгэн өгч байжээ. Эдогийн үе буюу нинжагийн сүйрлийн үе
Эдо буюу 1603-аас 1868-ны хоорондох үечлэлийг хэлдэг бөгөөд арлын Японд энх тайван тогтвортой байдлыг авч ирсэн хөгжил цэцэглэлтийн үе юм. Энэ үетэй зэрэгцээд нинжагийн үе дуусгавар болсон юм. Нинжа нарын тухай үйл явдал нь олны дунд домог хууч яриа мэтээр яригдах болж нинжа нарын үүрэг нийгэмд хэрэггүй болсноор ийнхүү тэд ул мөргүй алга болцгоожээ. Гэсэн хэдий боловч 1868 он хүртэл тэд мэр сэр захиалгат улс төрийн захиалгат аллагуудыг хийсээр байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Харин орчин үед нинжа нарыг зөвхөн кино, ном, компьютер тоглоом зэргээс хардаг үлгэр домог болон үлджээ. Ц.Тулгаа

Сэтгэгдэл бичих