“Изнис Эйрвэйз” компани үйлчлүүлэгчдээ залилжээ

Иргэний агаарын тээврийн “Изнис Эйрвэйз" компани нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж, мэхэлжээ. Тодруулбал тус компани хямдрал нэрээр ташаа мэдээлэл нийтэд түгээж байсан нь илчлэгдсэн байна.

Улаанбаатар хотоос Мөрөнгийн чиглэлд зорчих нислэгээс иргэн утсаар холбогдож билет захиалах гэхэд оператор нь “Манайх утсаар захиалга авахгүй. Та өөрийн биеэр 20 минутын дотор ирж билет захиалах юм бол хямдралтай үнээр зорчих болно” хэмээжээ. Хямдрал гэж хэлээд байгаа нь дээрх чиглэлд 90 гаруй мянгаар зорчих ёстой бол 50 мянгаар зорчино гэж үйлчлүүлэгчид ойлгуулсан байна.

Энэ мэдээллийн дагуу үйлчлүүлэгч тэр даруйдаа билет захиалгын салбар болох нэгдүгээр сургуулийн урд талд байх оффист нь очиход ярьж байсан зүйл нь эсрэгээрээ болж, хямдралтай гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл болж таарчээ.

Үйлчлүүлэгч энэ байдлыг нь асууж тодруулахыг учирлахад тус компаны ажилтан зүй бус харьцаа гаргасан байна. Тэрч бүү хэл төвтэй нь холбогдож үүсч буй асуудлыг тодруулах гэтэл ямар нэгэн холбогдох утас, хаяг байдаггүй нь мэдэгджээ. Энэ үйлдлийнхээ төлөө үйлчлүүлэгчээс уучлалт гуйгаагүйн дээр маргааш нь бас л утсаар холбогдоход өмнөх өдөр ярьж байсан шигээ нөгөө л “20 минутын хугацаатай ир” гэсэн хариултыг хэлсэн байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих