Бостоны халдлагад сэжиглэгдсэн залуугийн цогцос олджээ

АНУ-ын Брауны их сургуулийн 22 настай оюутан залуу өнгөрсөн сард алга болж, эрэн сурвалжилж байсан. Гэтэл өчигдөр Провиднс паркийн уснаас түүний цогцсыг олсон гэж Рөүд арлын шалгалтын багийнхан мэдээлсэн байна. Нас барсан залууг Сунил Трипати гэдэг бөгөөд одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэж тус газрын эрүүл мэндийн газраас мэдэгджээ. Түүний алга болсон нь гэр бүлийнхэнд их учир битүүлэг санагдаж байгаагаас гадна хүнд цохилт болоод байв. Гэр бүлийн гишүүн Брайн Маур: Энэ мэдээг дуулаад бидэнд үнэхээрийн хэцүү байна. Давж гарахад хэцүү байна. Түүнийг алга болохоос өмнө харсан хүн, найз нөхөд, миний хүүг мэддэг хүмүүс энэхүү тодорхой бус хэрэг дээр бидэнд чин сэтгэлээсээ туслах, сэтгэлийн дэм өгөхийг хүсч байна гэж фейсбүүк дээрээ бичжээ. Хоёр дахь өдрийн өглөө Брауны их сургуулийн спортын багийн гишүүн алга болсон залуугийн цогцсыг олж харан, цагдаад мэдэгджээ. Цагдаагийн дарга “залуугийн цогцос нэлээд хэсэг хугацаанд усан дор байсан” гэжээ. Хохирогч залуугийн гэр бүлийнхэн 3 сарын дунд үеэс эхлэн хайсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо, Браун их сургуулийн багш оюутнуудаас тусламж хүсчээ. Түүний эгч Сангета “тэр алга болох өдрөө өөрийнхөө утас, түрийвч зэрэг ойр зуур авч явдаг зүйлээ бүгдийг нь орхиод явсан байсан. Тэр Ivy League сургуульд философийн чиглэлээр сурч байсан ба сургуулиа удалгүй орхисон юм. Тэр үеийг туулж гарахад түүнд хэцүү санагддаг байсан“ гэжээ. Өнгөрөгч долоо хоногт твиттер хуудсаар Трипатийг Бостонд болсон марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хоёр дахь сэжигтэн байж болзошгүй гэсэн хардлагууд их явсан юм. Гэхдээ тэр сэжигтэн нь 19 настай Жохар Царнаев байсныг албаныхан тогтоосон билээ. Энэхүү ташаа мэдээлэл гаргаж, нас барсан залууг сэжиглэж байсандаа албаны хүмүүс гэр бүлийнхнээс нь уучлал гуйжээ. Түүний хоёр ахад нь Браун их сургуулийн захирал Кристиана Паксоноос захидал ирсэн байна. Захидалдаа Трипати үнэхээрийн дөлгөөхөн зан ааштай, бодлогошронгуй, бусаддаа үлгэр дууриал болсон гайхалтай “бичигч” байсан шүү. Түүний энэ зан чанарыг үүрд санаж явах болно. Эмгэнэл илэрхийлж байна гэж бичжээ. С.Хишиг

Сэтгэгдэл бичих