АНУ: Сири химийн зэвсэг хэрэглэсэн

Сиричүүд хэлэлцээрээ зөрчиж химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт АНУ-ын тагнуулын агентлаг итгэл төгс байгаагаа хэлж байна. Цагаан ордны мэдээлж буйгаар Сирийн засгийн газар босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байх нотолгоог бараг олсон гэв.

Тагнуулын албаныхны хэлж байгаагаар химийн зэвсэг хэрэглэсэн гэх ул мөрүүд алхам бүрт илэрч байгаа. Гэхдээ чухам хэзээ, хаана гэдгийг нь нарийвчлан тогтоож чадахгүй байгаа юм. Цагаан ордон болон НҮБ-аас Сирийн дайн хурцадмал байдалд шилжих үеэр химийн зэвсэг ашиглахгүй байхыг сануулсан. Өмнө нь хэд хэдэн удаа НҮБ болон өөр улсууд Сирийг химийн зэвсэг хэрэглэж байж болзошгүй хэмээн сэжиглэсэн ч нотолж чадаагүй. Харин удалгүй дахин АНУ ийм дүгнэлтэд хүрч байгаа нь үнэхээр химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлалтайг улам баталж эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн химийн зэвсгийн тухайд “Хэрэв Сири улаан зурвасыг зөрчиж химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол манай улс энэ асуудалд оролцохоос өөр аргагүй болно. Химийн зэвсэг бол асар их хор хөнөөлтэй буюу хүн төрөлхтний эсрэг чиглэсэн зүйл тиймээс энэ хэргийг сонсоод өнгөрч болохгүй, үүнд анхаарлаа хандуулах ёстой” хэмээн хэллээ.

Харин энэ тухайд Сирийн тал үгүйсгэсэн хэвээр байгаа. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй хэмээн өмнө нь ярьж байсан. Гэсэн ч байдал намжих шинжгүй байгаа энэ үед тэд химийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй байдалд байгаа хэмээн олон улсын шинжээчид хэлж байгаа юм.

Хэрэв химийн зэвсэгтэй холбоотой дэгдэж байгаа эдгээр таамаглалууд нь үнэн байвал Сири олон улсын өмнө томоохон хариуцлага хүлээнэ.

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих