“Жижиг бүлгийн тактик-2013”тэмцээн боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дотоодын цэргийн аварга шалгаруулах "Жижиг бүлгийн тактик-2013" тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь "Нарстай ам" Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Төв, орон нутгийн анги, байгууллагын 14 баг, алба хаагчид өрсөлдсөн байна.

Тэмцээний зорилго нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг ойртуулан, алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, бүлгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн явуулж байгаагаараа онцлогтой аж.

Тэмцээнд анги, байгууллагуудад явагдсан эхний шатны тэмцээнээс шалгарсан бүлгүүд оролцож, арван км марш үйлдэхдээ автомашин жолоодох ур чадвар, зөрчигч этгээдийн мөрийг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хамгаалалтад авах, тактикийн буудлага хийх, саадтай зурвас, хордсон газар орныг туулах, шалган нэвтрүүлэх ажиллагаа, нормативын бэлтгэл, албаны нохойн дасгал, гардан тулааны үзүүлбэр, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар зэрэг төрлүүдээр өрсөлджээ.

Тэмцээнийн нийлбэр дүнгээр 805 дугаар ангийн дэслэгч А.Кадирбек захирагчтай нэгдүгээр бүлгийн бүрэлдэхүүн “Тэргүүн байр”, дэслэгч Э.Батбаяр захирагчтай хоёрдугаар бүлгийн бүрэлдэхүүн “Хоёрдугаар байр”, 05 дугаар ангийн ахлах дэслэгч П.Анхтунгалаг захирагчтай бүлгийн бүрэлдэхүүн “Гуравдугаар байр”-нд тус тус шалгарч Шилжин явах, өргөмжлөл, цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналыг хүртсэн банйа. Мөн “Албаны шилдэг нохой”-гоор Багахангай дүүрэг дэх тусгай салааны “ЖЕК” дуудлагатай нохой шалгарч, алтан медаль, өргөмжлөлийн эзэн болжээ.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих