Х.Амгаланбаатар: Эмч нар 1,5 сая төгрөгийн цалин авах ёстой

МҮЭХ-ноос өнгөрсөн долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн клиник корпорацийн эмнэлэг буюу хуучнаар Улаанбаатар сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүдээр орж эмч ажилчидтай нь уулзжээ. Ингээд эмч, эмнэлэгийн ажилчдад олон асуудал тулгарч байгааг мэдээлсэн юм.

10 гаруй жил өндөр зардлаар суралцаж эмч мэргэжил эзэмшсэн залуус нь сард дунджаар 465 мянган төгрөгийн цалин авч байна. Харин олон жил ажилласан эмч нар дунджаар 550 мянган төгрөгийн цалин авдаг аж. Мөн эмч ажилчдын орон тоо нэмэгдэхгүй байгаагаас нэг эмчид ногдох ачаалал ихэсч, энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн эмнэлгийн байрнууд хуучирч муудсан, тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг нь эргээд эрүүл мэндийн салбарт дээрх шүүмжлэлийг дагуулахад хүргэж буй. Түүнчлэн жижүүрт хоносон эмч нарт дөрвөн цаг унтах ёстой гээд илүү цагийн мөнгө өгдөггүй аж. Гэтэл жижүүрт хоносон эмч нар ачаалал ихтэйгээс заримдаа унтах ч зав гардаггүй тул энэ нь “хөдөлмөрийн мөлжлөг” хэмээн Б.Мягмар хэлж байв. Мөн “Жил бүр дарга нарын тоог нэмэхээс эмч нарын тоо нэмэгддэггүй. Харин зардал танах болохоор эмч, багш нар гээд энгийн иргэд рүү дайрдаг үзэгдлийг халах хэрэгтэй” хэмээсэн. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар эрүүл мэндийн салбарын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, эмч нар дор хаяж сардаа нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой гэв.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Иймээс МҮЭХ дээрх асуудлуудаа нэгтгэн Эрүүл мэндийн яаманд мэдэгдэл хүргүүлжээ.

Б.Цэлмэг

.

Сэтгэгдэл бичих