ШШҮХ-ийнхэн ажилтнаа хууль бусаар халжээ

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн Архив сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгалан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 25-нд ажилчдынхаа компьютерт санаатайгаар халдаж мэдээлэл авч олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр удирдлагууд нь цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ дагуу тэрбээр шүүх цагдаа гэж явсаар энэ сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугүй нь тогтоогдсон аж. Улмаар эргэн ажилдаа орох гэтэл аль хэдийн оронд нь хүн авчихсан байж. Тэрбээр өөрийг нь шалгуулж бас ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халсан нь ямар нэгэн хувийн ашиг сонирхолын үүднээс хийсэн ажил гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Яг ямар учраас шалгуулах болсон тухай тодорхой яриач?

-Байгууллагынхаа албан хаагчийн компьютер дээрээс мэдээлэл авч бусдад тараасан гэж үзсэн. Ингээд манай хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Н.Болдбаатар, мөн манай хүрээлэнгийн захирал Н.Өлзийбаяр нар ямар нэгэн хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж, албан үүргээс нь түр түдгэлзүүллээ гэсэн хүчин төгөлдөр бус тушаал гаргасан. Ямар шалтгаанаар шалгаж байгаа үндэслэлээ ч олигтой дурдаагүй. Ингээд шууд миний оронд ажиллах хүн томилчихсон.

-Та тэгэхээр захирлаа буруутгаж байгаа хэрэг үү?

-Ер нь бол төрийн албанд ажиллаж байгаагүй туршлагагүй хүн манайд удирдлагаар ажилладаг. Хуулиас давсан зүйл хийж маш олон хүмүүст чирэгдэл учруулаад байна. Манай нэг алба хаагч бас л захиргааны хэргийн шүүхээр явж байгаа. Энэ мэтээр ажиллагсдаа хохироодог.

Б.Бурмаа

Сэтгэгдэл бичих