ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж бусдыг зодож танхайрчээ

ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж бусдыг зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн үүрийн 06.00 цагт үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ зодуулсан байна.

Хэргийг сануулбал, тус өдрийн үүрийн 05.30 цагийн орчим. Улаанбаатараас Ховдын чиглэлд нисэх онгоц хөөрөх зурваст гарсан байжээ. “Aero Mongolia” компанийн бүртгэлийн ажилтан Н.Чингис албан үүргээ гүйцэтгэж байтал ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж 05.38 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байна. Гэтэл тэрбээр 05.40 цагт хөөрөх онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулжээ. Мөн зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байж онгоцонд суухыг завдсан байна. Иймд Н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж зүй ёсны шаардлага тавьсан байна. Гэтэл Б.Пүрэвдорж ихэд уурлаж, бүртгэлийн ажилтныг заамдан чирч гулдарч, “Чам шиг бацаан ингэдэггүй юм” хэмээн хэд хэд хүчтэй цохиж зоджээ. Улмаар “Aero Mongolia”-гийн ажилтнуудад хандан “Би та нартай харьцдаг хүн биш. Танай дарга Н.Мөнхбаатартай ч харьцахгүй. “Моннис”-ын Б.Чулуунбаатартай ярина” хэмээн түүн рүү залгаж “Энэ ажилтнаа хал” гэсэн байна. Б.Чулуунбаатар захирал ч түүний шаардлага дагуу холбогдох албаныхан руу утас цохиж, ажилтан Н.Чингисийг ажлаас нь халах үүрэг өгсөн хэмээн эх сурвалж мэдээлэв. Хэргийг одоо цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих