Д.Жаргалсайхан: Бүхий л байгууллага нь шалгаад дүгнэлтээ гаргачихсан

“Монголын цахилгаан тээвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Жаргалсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Манай улс Словак улстай автомашины салбарт хамтран ажиллахаар болсон гэсэн?

-Словакийн Гадаад харилцааны тэргүүн сайд, Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж байна. Тус улстай автомашины салбарт хамтран ажиллаж, европ стандартыг монголд нутагшуулахаар ярилцаж байна. Энэ ч хүрээнд энэ онд евро дөрөв хөдөлгүүртэй, протал мосттай, утаа гаргадаггүй,намхан шалтай болон зорчигчдын ая тухыг 100 хувь хангасан тийм нийтийн тээвэр явуулах гэж байна.

-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Эхний ээлжинд хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Яваандаа төрөөс худалдан авалт хийж, дэмжлэг үзүүлэх байх.

-Сүүлийн өдрүүдэд “Цахилгаан тээвэр” ТӨҮГ-тай холбоотой таагүй мэдээлэл цацагдах боллоо?

-Хийх тусам харлуулах гэсэн философи Монголын нийгэмд яваад байна. Шалгаж, хянадаг бүхий л байгууллага нь шалгаад дүгнэлтээ гаргачихсан. Үүнд хоёр чиглэлийн өрсөлдөөн явагдаад байна. Нэгдүгээрт, цахилгаан тээвэр автобусны компаниудын хооронд өрсөлдөөн яваад байна. Манайх үнэ тарифын хувьд хямд учраас өргөжвөл бусад компаниудад халтай. Мөн Монголд автобус үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулахгүй байх сонирхолтой хүмүүс байна. Гадаад улс орнуудын зүгээс ч бас байгаа. Ажлын байр бий болгохгүй, технологийн хараат байлгах гэсэн сонирхолтой байна.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих