Ирэх өвлийн эрчим хүчний өнгө

Усан могой жилийн өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, илүү хур тунадас орно гэсэн прогноз байна. Улаанбаатарын ДЦС-уудын эрчим хүчний хангамж улам бүр өсөн нэмэгдэж буй ачааллаа аль хэдийнэ даахгүй болсон ч арай чамай аргацаасаар ирсэн юм.

Сүүлийн үед хэмнэлтийн горимд шилжиж, цахилгааныг мэр сэр хязгаарлах болсон. Наймдугаар сараас эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт оруулж, сард 150 кВт-аас дээш цахилгаан хэрэглэсэн өрхийн төлбөрийг 26-аар нэмж, 96 төгрөг болгов. Харин үдшийн 21 цагаас өглөөний зургаан цаг хүртэл 60 төгрөг болж хямдарна. Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдэд даруй 30 төгрөгөөр нэмэгджээ.

Манай улс ОХУ-аас 133 төгрөгөөр цахилгаан импортолдог бол Оюутолгой төслийнхөн Хятадаас 200 төгрөгөөр авдаг.

Иймээс Эрдэнэтийн үйлдвэр, Бороо гоулдын уурхайд 100 төгрөгөөр нийлүүлдэг байна. Энэ жил Салхитын 50 мВ-ын цахилгаан станц ажиллаж эхэлсэн. Хойд хөршөөс авах импортын эрчим хүч 170-210 мВ болж нэмэгдэх нь.

Гэсэн ч ТЭЦ-4-ийн өргөтгөл, Амгалангийн дулааны станц 2014 онд баригдаж дуусна. Өнгөрсөн жил дулааны зөвшөөрөлгүй 80 гаруй барилга баригдаж, мөчиг тарчигхан дулааны хангамжид арай чамай холбогдсон бол энэ өвөл Ар Зайсан, Баянзүрх дүүрэгт Жуковын музейгээс зүүн тийш барилгуудад ямар ч боломжгүй аж.

Гэр хорооллын 6000 айлыг цахилгаанд холбосон ч дахиад 12 мянган өрх тог нэхэж байгаа нь нийслэлийг зорьсон их нүүдлийн харгай ажээ. Айсуй өвөлд их хот гэрэлтэй, дулаахан өвөлжинө гэхэд бэрхшээлтэй хэдий ч Эрчим хүчний сайд М.Сономпил санаа зовох юмгүй гэв.

Уг нь Дэлхийн банкнаас таван жилийн өмнө судалгаа хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол 2012 он гэхэд цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй шүү гэж манай Засгийн газарт анхааруулсан юм билээ. Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3,5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Монгол Улсын эрчим хүчний салбарт 1984 оноос хойш нэг ч дулааны цахилгаан станц ашиглалтад ороогүй бөгөөд нэгдсэн сүлжээнд ажиллаж буй станцуудын цахилгаан, дулаан үйлдвэрлэх хүчин чадал нь одоогийн цахилгааны хэрэглээ болон Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болжээ.

Дулааны хоёрдугаар цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2005 онд дуусч, гуравдугаар станцынх 2008-2011 онд ерөнхийдөө өндөрлөн, Дарханы ДЦС-ын тамир ирэх онд барагдахад тулжээ. Ийнхүү их хотыг илч гэрлээр хангаж буй дулааны цахилгаан станцууд олон жил ажиллаж, тоног төхөөрөмж нь хэдийнэ хуучирч муудсанаас дэнтэй дунтай ажиллах болсон.

Улс орны эдийн засгийн өндөр өсөлт,уул уурхайн хөгжил болоод нийслэлийн их барилгажилтын цар хүрээ зэрэг хүчин зүйлс нь эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохыг хүлээсээр.

ТЭЦ-ын 5-ын шавыг ирэх аравдугаар сард тавих гэнэ.

Г.Болор

Сэтгэгдэл бичих