Хэвлэлийнхэн С.Баярцогтын мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн байна

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал яригдсан. Энэ үеэр  “Шударга ёс эвсэл”-ийнхэн завсарлага авсан. Энэ асуудал юу болов?

-Энэ бол дан ганц С.Баярцогт гэдэг хүний асуудал биш. Энэ асуудал дээр МҮАН-ын дөрөв, бие даагч гурван гишүүн нэгдэн байр сууриа илэрхийлсэн. Бидний хувьд энэ бол С.Баярцогтын ёс зүйн асуудал бус цаагуураа Оюутолгойн гэрээ болон том авлигын хэрэгтэй холбоотой байж магадгүй учир хууль хяналтын байгууллагынханд шалгах боломжийг нь олгох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү бичгээ УИХ-ын даргад уламжилсан. Иймд энэхүү бичгийг үндэслэн өчигдөр Ёс зүйн хороо хуралдаж, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн С.Баярцогт гишүүн өөрөө АТГ-т шалгуулахаар өгсөн байгаа. Үүнээс шударга үнэлэлт дүгнэлт гарах болов уу гэж бодож байна. Миний хувьд УИХ-ын гишүүний хувьд дэд даргын ажлаа өгөөд ёс зүйн хариуцлага тооцогдлоо хэмээн үзэж байгаа нь буруу бөгөөд хэтэрхий зарчимгүй байна. Хэрвээ УИХ-ын дэд дарга байгаагүй, авах албан тушаалгүй дэд дарга ийм асуудал гаргасан бол ямар хариуцлага авах байсан бол гэдэг асуудал гарч байгаа юм. Тэгээд ч С.Баярцогт гишүүний хувьд энэ алдаа УИХ-ын дэд дарга байхад гараагүй учир тэр албан тушаалаас буулгах нь тийм зохистой хариуцлага биш юм. Нэг хүн алдаа гаргаад хариуцлага тооцох нь өөр. Харин энэ бол цаагуураа нийт ард түмний эрх ашиг буюу Оюутолгойy гэрээтэй холбоотой учир нухацтай авч үзэх зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм.

-Зарим гишүүдийн хувьд ийнхүү алдаа гаргасны төлөө чичлэх хэрэг байгаа юм уу гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар?

-Энэ бол хүн чанарын асуудал биш. Улс эх орны эдийн засаг, том гэрээ цаашлаад авлигатай холбоо байж магадгүй учир хүн чанартай холбож дүйвүүлэх нь инээдтэй хэрэг. Хэрвээ тийм юм бол Н.Энхбаяр, МИАТ-ын хэрэг зэрэг олон зүйлд хүн чанараар хандах ёстой юм бол хаана нь хүн чанараараа хандах зэрэг бүх зүйл нь тодорхой байх ёстой. Төр төмөр нүүртэй, бүгдэд нь төмөр нүүрээ харуулах нь зүйн хэрэг бус уу. Ийм зүйл ярих нь дэндүү утгагүй. Мөн миний хувьд нэг зүйлд эмзэглэж, гутарсан. Энэ нь монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл С.Баярцогтын мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн байна. Хэвлэлийн эрх чөлөө нь  С.Баярцогтын мөнгөний хажууд бол өчүүхэн зүйл болсон байна.
С.Баярцогт гишүүнтэй холбоотой эрс хатуу байр сууриа илэрхийлж байгаа энэ гишүүдийн үг элсэнд ус дусаасантай адил живж өнгөрсөн. Ийм байх юм бол монголд хэзээ ч шударга ёс тогтохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө хэн нэгэнд худалдагдаж байгаа юм бол хэнээс ч шударга ёс нэхэх шаардлага байхгүй.

-Ард иргэдийн хувьд УИХ-ын дэд даргын ажлаа өгснөөр энэ асуудал шийдэгдэх ёсгүй гэж үзэж байгаа. С.Баярцогтын хувьд У.Хүрэлсүх шиг өөрөө гишүүний ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Иргэдийн дийлэнх нь ийм байр суурьтай байгааг би мэдсэн. С.Баярцогт гишүүн эцэг эхийнхээ нэрийг дурссан их арга ядсан, өрөвдмөөр арга хэрэглэж байна. Монгол хүн бүрт зовлон байгаа. Хэрвээ хүн чанартай юм бол ашиггүй гэрээ хийж байхдаа ядарсан олон ард иргэдийгээ бодож, өрөвдөж болоогүй юм уу. Гэтэл өнөөдөр яагаад өөрийгөө өрөвдүүлэх зүйл яриад байгаа юм. Хэтэрхий арчаагүй байна гэж хэлмээр байна. Өнөөдөр тэрбум, тэрбум долларын нэг нь л илэрч байна. Энэ бол С.Баярцогт гишүүний ганцхан данс гэхэд би үнэндээ итгэхгүй байна. Монголын ард түмэн ч итгэхгүй байгаа. Өөрийгөө өрөвдүүлэхээс өмнө яагаад монголын ард түмнийг өрөвдөж болоогүй юм бол гэдгийг С.Баярцогт гишүүнд хэлмээр байна. Ер нь бол хатуу зарчимтай байх ёстой асуудал мөн. Энэ асуудал дээр ямар нэгэн өрөвдөлт, ах  дүү аав ээжээрээ түрүү барих шаардлага байхгүй.

-МҮАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдалтайгаар оролцох вэ?

-Нам одоогоор байр сууриа гаргаагүй байна. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нам өрсөлдөх ёстой гэж үзэж байгаа. Манай намд бололцоотой нэр дэвшигч бий. МҮАН бол баруун зүүний гэхээс илүүтэйгээр үндэсний ардчилсан үзлийг дээдлэсэн бөгөөд энэ үзлийнхээ хүрээнд нийгмийг өөрчлөх тавдугаар үндсэн хуулийн  төсөл боловсруулсан. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн бололцоог ашиглаж бодлого хөтөлбөрөө олон түмэнд танилцуулах ёстой. Миний хувьд сонгууль зорилго биш зорилгодоо хүрэх арга хэрэгсэл гэж бодож байгаа. Зорилго биш учраас ялалт байгуулахгүй бол оролцох шаардлага байхгүй гэсэн байр суурь ядарсан зүйл. Иймд миний хувьд үүний эсрэг байгаа. Удахгүй нам дээр асуудал хэлэлцэх байх. Энэ үеэр би өөрийн байр сууриа илэрхийлнэ.

-МАХН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж бий юу?

-Бид хамтарч “Шударга ёс эвсэл”-ийг байгуулж, УИХ-д орж нэг бүлэг байгуулан ажиллаж байна. Бидний эхний зорилго бол бүлгээрээ хамтарч сонгуульд оролцох ёстой эрмэлзэлтэй байх ёстой. Хэрвээ энэ эрмэлзэл болохгүй бол намууд дангаараа оролцоно.

-Хэрвээ танай намын хувьд сонгуульд оролцвол ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ?

-Нийгэмд танигдсан нэр дэвших боломжтой хүн бол байгаа. МҮАН-ын дарга М.Энхсайхан. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан бөгөөд нөлөө бүхий улстөрч гэж үздэг. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа монгол орныг ардчилсан зах зээлийн нийгэмд оруулахад том түлхүүр алхмыг хийж байсан. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ийм хүчтэй өрсөлдөгч алга байна. М.Энхсайхан дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлсэн байсан. Гэхдээ нам гэдэг бол хамт олны шийдвэр.

 Б.Даваатогтох

Сэтгэгдэл бичих