Бангладешт барилга нурж 70 хүн амиа алдав

Бангладешийн нийслэл Дака хотод есөн давхар барилга нурж 70 хүн амь насаа алдаж, олон тооны хүн хүнд бэрлээ хэмээн тус улсын засгийн газраас шуурхай мэдээллээ. Нурсан барилгын нуранга доороос одоогийн байдлаар 200 хүн гарган авч эмнэлэгт хүргэсэн аж.

Аврах албаныхан нурсан барилгын доороос хүмүүсийн аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд цаашид амь насаа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Сүүлийн жилүүдэд энэ улсад барилга нурах үзэгдэл нэлээд элбэг тохиолдох болсон. Чанаргүй  барилгууд нурж олон хүн амь насаа алдах болсон нь нэлээд анхаарах ёстой асуудал болж иржээ.

 Нурсан есөн давхар байшинд хувцасны үйлдвэр, банк болон хэд хэдэн дэлгүүрүүд багтдаг байжээ. Чухам ямар шалтгаанаар нурсан нь хараахан тодорхой болоогүй байгаа ч байшингийн тулгуур муу байснаас болсон хэмээн үзэж байгаа гэнэ. Өнөө өглөөнөөс эхлэн барилгад хазайлт ажиглагдаж байсан ч хүмүүс нурна хэмээн бодоогүй аж. Харин хэдхэн цагийн дараа гэнэт нуржээ.     

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Дака хотод оёдлын үйлдвэр шатаж 110 хүн амь насаа алдаж байсан, түүнээс өмнө 2010 онд мөн том хэмжээний барилга нурж олон хүн амь насаа алдсан хэрэг гарч байсан. Цаашдаа энэ мэргэжлийн байгууллагууд барилгын чанар стандартад ихээхэн анхаарал хандуулан ажиллах болоод байна.

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих