"Дахин санал хураалтын тогтоолыг удахгүй УИХ-д өргөн барина"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд үйл ажиллагаа ямар явцтай байгаа талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад хангагдсан

-Сонгогчдын нэрсийн жагсаалтад хэчнээн хүн бүртгэгдсэн бэ?

-1.902.988 иргэн бүртгэгдээд байна. Хэдийгээр сонгогчдын нэрсийн жагсаалт гараад байгаа ч гэсэн хуулиндаа бол сонгуулийн санал хураалт авахаас өмнө 10 хоногийн өмнө зарим сонгогчид зөрчлөө арилгуулах боломжтой тул энэ тоонд өөрчлөлт орно.

-Гадаадад байгаа сонгогчдын хувьд хэрхэн саналаа өгөх вэ?

-Гадаадад байгаа оршин суугчдын саналыг хоёр дахь удаагаа авах гэж байна. Тэдний хувьд Элчин сайдын яамдаар дамжуулан бүртгүүлж саналаа өгнө. Нийт 33-38 мянган иргэн санал өгөх боломжтой гэсэн тоо гараад байна.

-УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар ялалт байгуулж, гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа. Хэзээ гишүүний тангарагаа өргөх вэ?

-26 дугаар тойргийн дахин санал хураалтын тойргийн хорооны тогтоол дөрөвдүгээр сарын 17-нд ирсэн. Мөн 80 хэсгийн хорооны тогтоол ч ирээд байна. Хуулиндаа бол 14 хоногийн дотор тогтоолтой танилцаад УИХ-д гишүүний нэрийг өргөн мэдүүлдэг. Иймд бид энэ хугацаанаас өмнө УИХ-д өргөн барих болно.

-Өвөрхангайн 10 дугаар тойргийн асуудал ямар шатандаа явж байна вэ?
Хэзээ тангарагаа өргөх вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос Өвөрхангайн 10 дугаар тойргийн дүнг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан. Харин гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-ын Тамгын газар шийднэ.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих