Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов

Өнөөдрөөс эхлэн сонгууль товлон зарлагдаж, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацаандаа хэвийн явагдаж байна. Өнөөдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлаас тогтоосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлагдаж байгаа билээ.
Мөн хуульд заасны дагуу  иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсоож байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг боловсруулж дуусгав. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум төгрөг, нэг намаас зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоогоод байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах ажил хуульд заасан хугацаанд явагдаж улмаар улсын хэмжээнд 1896 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл бичих