Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
ҮУИТ-ын гоцлол бүжигчин, СТА Э.Номин: Намайг гадаадад урьж ажиллуулах санал ирдэг ч явах сэтгэл ерөөсөө төрдөггүй

ҮУИТ-ын гоцлол бүжигчин, СТА Э.Номин: Намайг гадаадад урьж ажиллуулах санал ирдэг ч явах сэтгэл ерөөсөө төрдөггүй

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-23 00:33:43


Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, МУСТА Э.Номинтой ярилцлаа. Тэрээр монгол ардын бүжгийг дэлхийд таниулж яваа нэгэн.Бүжигчин бүсгүй Солонгосын нийслэлд болсон 14 дэх "Seoul international dance competition", Хятадад зохиогдсон Монгол бүжгийн олон улсын хоёрдугаар уралдаанаас мөнгөн цом хүртсэн билээ. 

-Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө танилцуулахгүй юу... 

-Сайн байцгаана уу? Намайг Энхтайваны Номин гэдэг. Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин. Улаанбаатар хотод 1988 онд төрж, нийслэлийн 45-р сургуульд суралцаж байгаад, зургадугаар ангид ХБК-ид ардын бүжгийн ангид шалгалт өгч тэнцсэн. Тэгээд 2001-2005 онд суралцаж, бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд шууд л театртаа бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Одоо тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. 

-Ер нь яаж яваад бүжгийн урлагтай холбогдочихов? 

-Багаасаа л "бүжигчин болно" гэж ярьдаг, урлагийн үзлэгт бүжиглэдэг хүүхэд байлаа. Эмээ минь "Охиноо бүжигчин болгоно" гэж ярьдаг байсан болохоор би ч тэгээд итгэчихсэн биз. Түүнээс биш гоц гойд авьяас байгаагүй л дээ. Сургуульд ороод ч координаци жоохон муутай, эв хавгүй бүжиглэдэг байсан. Яваандаа олон жил хичээллээд, давтлага сургууль хийж, олон сайхан багш нар, театрынхаа ах эгч нараас суралцсаны хүчинд өдий зэрэгтэй явна даа. 

-Та ардын бүжиг бүжиглэдэг... 

-Сонгодог бүжгийг бүх бүжгийн оргил нь хэлж болно. Олон зууны тэртээгээс хөгжөөд, дээд цэгтээ хүрсэн учраас сонгодог гэж нэрлээ биз. Мэргэжлийн бүжигчид хэдийгээр хуруун дээрээ гарч, тайзан дээр бүжиглэхгүй ч өдөр бүр, өглөө болгон балетын дасгал ордог. Яагаад гэвэл бүжигчин хүний хөнгөн шингэн, формтой бас бэртэл гэмтэлгүй байх нь энэ дасгалыг тогтмол хийснээс шууд хамааралтай гэж хэлж болно. Ер нь бүх бүжгийн суурь нь гэж болох юм. Хэдийгээр бид ардын бүжиг бүжиглэдэг ч сургуульд байхаасаа балетын дасгалыг өдөр бүр хийж хэвшдэг. Мэргэжлийн төвшинд байх нь ч үүнтэй салшгүй холбоотой. Тиймээс балетыг маш их хүндэлдэг, үнэлдэг бас шимтэн үзэх дуртай байдаг даа. 

-Бүжгийн энэ хоёр төрөлд мэдээж ялгаатай зүйл олон бий. Харин адилхан зүйл хэр бий бол? 

-Адилхан тал гэвэл хоёулаа л адилхан бүжиг. Тайзан дээр үзэгчдэд гоо сайхныг, гэрэл гэгээг, сайхан бүхнийг мэдрүүлж байдаг, нэг л зорилготой урлагийн төрлүүд л дээ. Манай Монгол улсын консерваторийн ардын бүжгийн дасгалууд нь сонгодог бүжиг дээр суурилсан хэрнээ үндэстнүүдийн хөдөлгөөн, намба, манерыг шигтгэсэн академик төвшний дасгалууд байдаг. Миний багш Ардын багш, УГЖ, профессор Долгорсүрэн багш маань анх уг дасгалыг боловсруулж, сургалтанд нэвтрүүлсэн. 

-Та нар өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ? 

-ҮУИТ-ын бүжигчдийн цагийн хуваарийн хувьд бол өглөө 09.30-д цуглаж, биеэ халаагаад, сонгодог бүжгийн дасгал 30 минутаас хоёр цаг хийнэ. Тэгээд арваад минут түр завсарлаад, олон ардын дасгалтай. Эсвэл тухайн өдрийн хийх ёстой бүжгийн, тоглолтын бэлтгэл хийнэ. Өдөр завсарлаж цайгаа уугаад, үргэлжлүүлэн бэлтгэлтэй. Завсарлаад нүүрээ будаж, хувцсаа индүүдэж бэлдээд, тухайн өдрийн тоглолтондоо ордог. Ихэнхдээ ийм байдаг ч заримдаа тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад өглөө эрт цуглаж, гадуур тоглолтод явах юм уу шууд тоглолтын газраа цуглах гэх зэргээр өөрчлөгдөх тохиолдол элбэг. Ер нь тоглолтдоо зохицож хуваариа гаргана даа. 

-Бүжгийн багш тань хэн бэ? 

-Би их азтай. Дандаа л хамгийн мундаг багш нараар хичээл заалгасан байдаг юм. Ардын багш Долгорсүрэн багшийнхаа отгон шавь болж, ХБК-ид орсон. Энэ мундаг хүнээр хичээл заалгаж явсан нь үнэхээрийн том хувь заяа гэж бодож явдаг. Мөн СГЗ Оюун багш маань гардаж төгсгөсөн. Сонгодог бүжгийн багш маань СГЗ Энхтуяа гэж мундаг хүн бий. СТА Хосбаяр гэж мундаг багш маань ардын бүжгийн тайзны хичээл ордог байлаа. Ер нь ХБК-ийн мундагчуулаар бүгдээр нь хичээл заалгаж явсан хувьтай. За тэгээд ажил дээр гараад төрийн соёрхолт, УГЖ Сүхбаатар, УГЖ Даваахүү, Зоригт, Одонтуяа гээд гайхалтай хүмүүсээр бүжиглэх ур ухааныг заалгасан. Эргэн тойрны мундаг бүжигчдээсээ ч бас маш ихийг сурсан. Одоогийн Номин гэдэг бүжигчин бол эдгээр хүний зааж сургасны, мэдүүлж ойлгуулсны толь гэж бодож, баярлаж, шүтэж явдаг даа. 

-Танд бүжиглэхийг хүсдэг бүжиг, дүр байдаг уу? 

-Хийхийг хүсдэг бүжиг, дүр бүжигчин бүрт байдаг биз. Тэгж хүссэн ихэнх дүрдээ энэ 16 жилийн хугацаанд тоглож, бүжиглэж амжжээ. Ер нь уран бүтээлч хүний уран бүтээлийн шуналд хязгаар гэж байх ёсгүй. Улам л хийж бүтээх, урлаж өөрийнхөөрөө амилуулж үзэхийг байнга хүсдэг. Шинэ сайхан бүжгүүд, бүжгийн жүжиг болгонд л өөрийн гэсэн өнгө төрх нэмэхийг, дүрээрээ дурсагдахыг хүсдэг. Шинэ уран бүтээл байвал би бэлэн. Одоо бүр илүү их хүсэж, дурладаг болж. Яагаад гэвэл бүжигчин хүн асар богинохон хугацаанд тайз хэмээх энэ тансаг талбар дээр амьдардаг. Цаг хугацаатай уралдаж байхгүй бол нэг мэдэхэд л тайзаа орхих тэр хүнд үе ойртсон байх болно. Бүжигчин хүний амьдрал дэндүү богинохон бас дэндүү жаргалтай гэж би боддог. Нэгэнт тэр мэдрэмжийг мэдэрсэн бол улам л шунан дурлана. Хагацаж саламгүй санагддаг. 

-Дээхэн үед бүжигчдийг улс мэддэг байсан гэдэг... 

-1990-ээд оноос өмнө Улсын ардын дуу бүжгийн чуулга хүн бүхний мэддэг, очдог газар байсан гэдэг. Бүжигчид нь ч улсын нүүрийг тахалдаг, гадаад дотоод явдаг, ганган дэгжин, гоо сайхнаараа ч алдартай. Улс ч үнэлдэг, цалин хөлс нь ч өндөр, сайхан байсан гэсээн. Харин одоо улсынхаа нүүр царай болсон хэвээрээ ч үнэлэмж нь жоохон буурсан, дотоодын үзэгчид цөөрсөн гэж боддог. Мэдээж ур чадварын хувьд улам л өсч байгаа. Гэсэн ч дотоодын үзэгчид ялангуяа залуус сонирхож, зорьж үзэх нь өдрийн од мэт цөөн. Уран бүтээлч хүний хувьд заал дүүрэн үзэгчтэй тоглох үнэхээр сайхан шүү. Энэ бүхнийг бодлогоор шийдэж, хүүхдүүдийг дунд сургуульд байхаас нь урлаг соёлд сонирхолтой болгохгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болов уу даа. Бидний олон сарын бэлтгэл сургуулилт, олон хүний хүч хөдөлмөрөөс бүтэж, сая нэг тайзан дээр та бүгдэд хүрдэг сайхан урлагийн бүтээл тоглолт маань байнга танхим дүүрэн үзэгчтэй байгаасай гэж л хүсэх юм даа. 

-Социализмын үеийн бүжигчин эмэгтэйчүүд голдуу нэг хүүхэдтэй байсан юм билээ. Ингэхэд та нарын хэд төрөхийг хүртэл улс мэддэг хэрэг үү? 

-Төрөх тал дээр одоо илүү чөлөөтэй болсон л доо. Өмнө нь тийм байсан гэж ярьдаг. Одоо бол тухайн бүжигчний өөрийнх нь сонголт. Мэдээж мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бие организм буцаж хэвэндээ орж формтой болоход хэцүү. Олон дахин төрөхөөр яалт ч үгүй бие хуучин шигээ хөнгөн болохдоо удаан байна, таргална, цаг хугацаа алдана гээд эмэгтэй бүжигчдийн бас нэгэн сорилт болдог юм байна билээ. 

-Бүжигчид жингээ барихын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байх. Харин таны хувьд... 

-Жингийн тал дээр өмнө нь нэг их асуудал гардаггүй байсан. Хүссэнээ идээд, сайн хөдлөхөд жин огт хэлбэлздэггүй байлаа. Харин хүүхэд гаргаад гэртээ суусан чинь 20 кг нэмсэн шүү. Тэгэхээр бидний жин ачаалалтай дасгал хөдөлгөөнөөс шууд хамаардаг юм байна л даа. Гэхдээ хүн болгоны биеийн онцлог адилгүй. Тиймээс өөр өөрийн биед тохирсон арга хэмжээ авч, жингээ барих хэрэгтэй байх. Зарим хүнд хоолны дэглэм огт тохирдоггүй. Зарим нь хэт их ачааллавч хөдөлж болдоггүй шиг. 

-Мэргэжлийн бүжигчдэд хүнд хүнд дасгалууд олон биз? 

-Бидний мэргэжил хамгийн хүнд ачааллыг богино хугацаанд авдаг мэргэжлээр шалгарсан байна билээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Инээгээд л юу ч болоогүй юм шиг харагдаж байгаа ч тэр бүхний ард маш их өвдөлт байдаг юм шүү дээ. Хүнд бүжгүүдэд бүжиглэхэд бас л шандас шөрмөс шаардана шүү. Гэхдээ зовж байгаа мэт харагдаж болохгүй. Яагаад гэвэл биднийг үзэх гээд мөнгө төгрөг, цаг заваа зориулаад гоо сайхныг мэдрэхээр ирсэн үзэгчдийг хүндлэх хэрэгтэй. Хүмүүс нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй, ямар их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр гаргадгийг нь ойлгохгүй байж үл хүндэтгэхийг харахаар "Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг битгий ярь" гэж хэлмээр санагддаг л юм. 

-Бүжигчид тэтгэвэрт тун залуугаараа гардаг. Тийм их хүнд хортой нөхцөлд ажилладаг хэрэг үү? 

-Бид чинь 20 жил ажиллаад л тэтгэвэрт гардаг. Энэ нь залуу нас, гоо сайхныг түгээдэг мэргэжлийн маань онцлог юм даа. Бас хурд хүч саарна, бэртэл гэмтэл авна гээд асуудал их. 

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Нууц биш бол та хоёр яаж танилцав? 

-Миний ханийг Туулын Мөнхсүлд гэдэг. Эмч гэр бүлд төрж өссөн төрийн албан хаагч л даа. Тайзан дээр миний бүжиглэх маш их таалагдаад хайсаар олсон гэсэн (инээв). Товчхондоо ийм, дэлгэрүүлж яривал урт түүх болох байх. 

-Бүжгийнхээ ачаар олон улс оронд очоо байлгүй. Хамгийн их таалагдсан нь гэвэл... 

-Ер нь мэргэжлийн буян, урлагийн буян их ээ, их. Олон газраар явж, олон сайхан тайзан дээр тоглосон. Сэтгэлд хамгийн их үлдсэн газар бол Итали. Урлаг соёл дээд хэмжээнд хөгжсөн, урлагийг үнэлдэг, хүндэлдэг, үзээд сурчихсан зрительд нь илүү татагдсан байх. Тоглолтуудыг маань дэндүү гоёор хүлээн авсан шүү. Хөшиг хаалгахгүй босож зогсоод алга ташдаг үзэгчдийг Италиас өөр газар хараагүй.

 -Таныхаар монголчууд бүжгэн жүжиг хэр үзэж, хэр хүлээж авдаг бол?

-Нэг үеэ бодвол балет үздэг хүмүүс олширч байгаа. Харин үндэсний бүжгэн жүжгийг илүү цөөн хүн үздэг гэж хэлж болно. Тэд гоё сайхныг нь гайхаж биширсэн, огшиж омогшсон гээд урмын үгсээр булдаг. Зарим нь дахин дахин ирдэг үнэнч үзэгч болох тохиолдол элбэг. 

-Монгол бүжигчдийг гадныхантай харьцуулбал хэр төвшинд байдаг вэ? Ер нь балетаар дэлхийд хаанах тэргүүлдэг вэ? 

-Манайхан дэлхийд хангалттай өндөр төвшинд байгаа гэж хэлж чадна аа. Ялангуяа ардын язгуур бүжгээрээ уралдаан тэмцээнд ороход маш өндөр амжилт гаргадаг. Энэ нь монгол ардын бүжгийн өвөрмөц, баян хөдөлгөөнүүд, өөрийн гэсэн дэг сургуультай байдгийн ач тус байх. Олон улсын гурван уралдаанд орохдоо үндэснийхээ бүжгээр маш их бахархсан. Ёстой л яндаж болдоггүй далай гэдэг шиг л шавхагдашгүй баян, уран тансаг юм билээ. Хаана ч байхгүй нэг тийм онцгой. Балетын хувьд бол улсынхаа нэрийг олон улсын төвшинд гаргаж буй, өмнө нь гаргасан олон мундаг бүжигчин бий. 

-Таныг гадаадаас урьж ажиллуулах санал ирж байсан уу

-Тийм саналууд ирдэг. Гэхдээ явах сэтгэл ерөөсөө төрдөггүй. Би Монголдоо л их хэрэгтэй хүн шиг байгаа юм(инээлээ). Уул нь эх орон минь хэнээр ч дутахгүй. Зүгээр л явахыг хүсдэггүй байсан. Одоо гэр бүлтэй, хүүхэд нялх учраас явах бүр сонирхолгүй болсон шүү. 

-Шүтдэг бүжигчин гэвэл...

-Гавьяат Одонтуяа эгчээ харж, биширч, түүнээс суралцаж явдаг. Дэндүү мундаг энэ бүжигчнээс дайчин, хөдөлмөрч, үргэлж цоглог, эрч хүчтэй байх гээд суралцах зүйл маш их. Дээр нь тайзан дээр бүжгийг, дүрийг амьдруулж байгаа нь үнэхээр мундаг. Бүжиг бүрээ хүнд хүргэж чаддаг шиг санагддаг юм. 

-Хэдэн бүжгэн жүжгийн гол болон туслах дүрд тоглосноо тоолж үзсэн үү? 

-Тоолж үзээгүй ээ. Ер нь театртаа тоглогддог бүжгэн жүжгүүдэд бүгдийнх нь гол болон туслах дүрд тоглосон болов уу. 


Ярилцсан Ш.Эрдэнэтөр

No description available.

No description available.


No description available.

No description available.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-23 00:33:43

Сэтгэгдэл бичих