Б.Бат-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрт хөгжих боломж үргэлж нээлттэй байдаг

Намайг Батболдын Бат-Эрдэнэ гэдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хэвний хэсэгт CNC тоон удирдлагатай зорогч суурь машины оператороор V зэрэгтэй ажиллаж байна. 


     Их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Хамтын гэрээний заалтын дагуу ээжийгээ залгамжлан Монголын ХХ зууны манлай үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Ажилд анх орсон үеэсээ л аливааг мэдэхээс мэдэхгүйг хүртэл, чадахаас чадахгүйг хүртэл хийж гүйцэтгэн, чадвар нөөц бололцоогоо бүрэн дайчилж, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг судлан хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн маань нийт ажилчдын 60 гаруй хувийг 35-аас доош насны залуус эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх учраас би хувь хүний хувьд бусдаас ялгарах чадвараа хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг. Ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлэх, манлайлах, бүтээмж өндөртэй ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Тийм ч учраас өнгөрсөн таван жилийн хугацаанд ур чадвараараа, бүтээмж чанарын үйл ажиллагаагаараа, сайн саналын хэрэгжилтээрээ, сурлага хөдөлмөрөөрөө үеийн нөхдөө манлайлж ажиллалаа. Нэгдүгээрт, Орос, Монгол багш нарынхаа харамгүй сэтгэлийн үрээр өөрийн хариуцсан CNC тоон удирдлагатай суурь машин ажиллуулах нарийн мэргэжлийг V зэрэгт хүртлээ эзэмшиж байна. Ур чадвараа үнэлүүлэн Эрдэнэт үйлдвэрийн “Тэргүүний залуу уурхайчин” цол тэмдэг 2017 онд хүртлээ.

Хоёрдугаарт, дэлхийн уул уурхай, хүнд машин механизмын хөгжил, орчин үеийн уул уурхайн стандарт чиг хандлагыг өөрийн улс, үйлдвэрт зохицож болох түвшинд шинэчлэн нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж, 2018 онд Бүтээмж-Инновацийн шилдэг 100 манлайлагчийн 38-д жагсаж байсан бол өнгөрсөн онд тэргүүн байр эзэлсэн. Мөн бүтээмжийн ажлаараа Засвар механикийн заводын 2019 оны “Шилдгийн шилдэг шинийг санаачлагч”-аар шалгарсан. Гуравдугаарт, Цутгуурын цехийн хамт олон, багш, удирдлагуудынхаа өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэл сайтай биелүүлж, Эрдэнэт үйлдвэрээс ажилчдадаа олгодог гадаадад суралцах болзол, шаардлагыг ханган, өнгөрсөн намраас ОХУ-ын Екатеринбург хот дахь, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит, Уралын холбооны Их сургуульд шамдан суралцаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийнхээ хүний нөөцийн бодлогоор боловсрол эзэмшин, бэлтгэгдэж байгаадаа баяртай байдаг.




/Екатеринбург хот 2020.02.22/

     Миний идэвх зүтгэл, чамгүй хөдөлмөр, амжилтыг ил тод, шударгаар үнэлдэг Засвар механикийн заводын Цутгуурын цехийн удирдлага, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй залуу ажилчдадаа, оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийж алсын хараатай ажиллаж буй “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлж, улам их амжилт хүсье.

     Орчин үед залуус бид үнэнч шударга, хариуцлагатай, соёлтой, ёс зүйтэй, дэг журамтай хөдөлмөрлөж чадвал Эрдэнэт үйлдвэр маань өөрийн шавхагдашгүй нөөц бололцоогоо харамгүй хайрладаг учраас боломж үргэлж нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна. Хичээгээрэй залуусаа... Амжилт хүсье. Монгол Улс мандан бадраг!

Засвар механикийн заводын
Цутгуурын цехийн Хэвний хэсэгт
CNC тоон удирдлагатай зорогч суурь
машины оператор Б.БАТ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл бичих