ТОЙМ: Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль болж, Н.Энхбаярын хүү дахин “бүдрэв”

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улстөрд

Зуншлага муу байсан аймгуудад нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана


Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт боллоо. Энэ үеэр зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.


НИТХ-ын төлөөлөгчдийг сонгов


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт энэ сарын 15-ны өдөр 07:00 цагт улс орон даяар эхэлсэн. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан гэж СЕХ-ноос мэдээлсэн.

Ингээд нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас:

  • МАН 201
  • АН 75
  • ХҮН 10
  • МАХН 1
  • Ногоон нам 1
  • Бие даагч 2 суудал тус тус авсан гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулах аж.

Э.Батшугар дахин "өвдөг шороодов”


УИХ-ын сонгуульд 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Та бидний эвсэлээс нэр дэвшин "өвдөг шороодсон" Э.Батшугар энэ удаагийн орон нутгийн сонгуульд мөн адил дүүргээс нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэгвэл урьдчилсан дүнгээс харахад Э.Батшугар энэ удаад дахин "өвдөг шороодлоо". НИТХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлөх 10 мандатыг МАН-ын нэр дэвшигчид авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм. 


У.Хүрэлсүх: Багшийн цалин, урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай холбон нэмнэ


УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан /2020.10.16/ боллоо. Энэ үеэр ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр “Засгийн газар 2020 оны есдүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн. Олон улсын байгууллагууд 2021 онд Монгол Улсын эдийн засаг хурдтай сэргэнэ гэж үзэж байна. Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих бодлого барина. Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэн, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ.

Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн. Энэ нэмэгдлийг дахин нэмэх шаардлага байна. Багшийн цалин урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай холбон нэмснээр багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ" гэлээ. 


Ц.Туваан: Хууль, хүчний байгууллагууд эрх баригч намын талд ажилласан


Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Энэ удаагийн сонгууль нэлээд төрийн оролцоотой болж өнгөрлөө. Төрийн тэр дундаа хүчний байгууллагууд эрх баригч намд үйлчилсэн. 21 аймгаас найман аймагт АН-ын нэр дэвшигчид олонхи болж, ялалт байгууллаа. Энэ найман аймгийнхаа иргэдэд талархсанаа дахин илэрхийлье.


Нийслэлд бол маш хүнд хэцүү сонгууль боллоо. Хууль, хүчний байгууллагууд эрх баригч намын талд ажилласан, мөнгийг хавтгай тараасан сонгууль болж өнгөрсөн. Нийслэлийн сонгуулийн хорооноос хууль бус шийдэл гаргаж, нэг намын талд үйлчилсэн байдалтай байлаа. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй хүмүүс сонгуульд нэр дэвшин оролцсон тохиолдлууд гарсан” гэв.


Нийгэмд


Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 320-д хүрэв


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НямхүүӨнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт юм. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. 

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д есөн хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна” гэлээ.


Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхлэв


Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өчигдрөөс буюу аравдугаар сарын 16-наас арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв. Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Энэ зээлийг найман хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.     

НМХГ: Сонгуулийн үеэр архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


НМХГ: Сонгуулийн үеэр нийт 4700 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллахад архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй. Сонгуулийн санал хураах нийт 453 санал авах байранд хяналт тавьж ажиллахад ноцтой зөрчил дутагдал илрээгүй.

НЭМГ: Сонгуулийн хэсгийн хороодод 906 эмнэлгийн ажилтан ажилласан ба иргэдэд амны хаалт зүүлгэж, халууныг нь үзэж, байрны цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьсан. 

  

 

Г.Хулан 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Сээк - 103.212.118.392020-10-17 21:41:15

Энэ батшугар бүр юмтай юмуу хаашаан бээ Ямар мэдрэмжгүй гар вэээ одоо болсон биздээ

зочин. - 66.181.161.372020-10-17 11:07:31

Батшугар одоо болоосой.Аав тань ямар нэр хүндтэй эрхэм болохыг ухаарах олгой болсон толгой чинь ойлгохгүй байна гэж үү.