"Хэл зохиол-2020" эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс залуу судлаачдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Хэл зохиол-2020" эрдэм шинжилгээний бага хурал боллоо.


Тус хуралд нийт 13 илтгэл танилцуулснаас дараах 6 илтгэлийг шалгаруулж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын /ISSN/ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2020 оны дугаарт бүтээлээ бүрэн эхээр нь нийтлэх эрх олгожээ. Үүнд: 


  • П.Яндий "Илжгэн чихт хааны үлгэр"-ийн нэгэн шинэ хувилбар Хүннүгийн түүхтэй холбогдох нь"
  • Х.Гэндэнпил "Кичи-,бичи- язгуураас үүссэн хэдэн үгийн гарлын тухай"
  • Б.Гэрэлчимэг "Учиртай гурван толгой жүжгийн зохиолын үнэт зүйлс"
  • Г.Батмөнх, Б.Мөнх-Эрдэнэ "Гэсэр", "Жангар" дахь хувцасны соёл, дүрслэл
  • Т.Загарпэрэнлэй "Уйгур Алтан гэрэл судрын Турк дэх судалгаа"
  • Choi Yoon Seo "Монгол, солонгос хэлний үйлдүүлэх хэвийн бүтээврийг харьцуулсан судалгаа"


Хуралд монгол хэл бичиг, утга зохиол судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг залуу судлаачид, их дээд сургуулийн залуу багш, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, гадаадын судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн юм. 


Тус хуралд "Учиртай гурван толгой жүжгийн зохиолын үнэт зүйлс" сэдвээр илтгэл тавьсан Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн докторант Б.Гэрэлчимэг "Орчин цагийн Монголын анхны жүжгийн зохиолын сор болсон "Учиртай гурван толгой" нь монголчуудын үнэт зүйлс, түүний үнэлэмжийн хэмжүүрийг харуулсан шилдэг бүтээл юм. Их зохиолч Д.Нацагдорж нь соёл урлагаар дамжуулан нийгмийг сайн сайханд уриалан дуудахаас гадна, өөрсдийн мартагдаж байсан уламжлалт үнэт зүйлсийг сэхээрүүлэн, бурангуй үзэл суртлыг шүүмжлэх үүднээс энэхүү жүжгийн зохиолыг бодож, боловсруулсан байдаг. Яг л цаг үеийн тохироогоор уг жүжгийн зохиол бүтээгдэж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангажээ.  Уг жүжгээс хүн ардынхаа хүмүүжил, ёс суртахууны эрхэм дээд чанар болсон сайн сайхан хийгээд таягдан хаях ёстой сөрөг муу муухай чанарыг жигшин зэвүүцэм шийдлээр гаргасан. Тийм ч учраас эл бүтээлээс монгол үндэстний ёс суртахуундаа баримталж ирсэн үнэт зүйлсийг мэдэж болно" гэлээ.


Залуу судлаачдын төлөөлөл Т.Загарпэрэнлэй "Хэлний талаас ажиглахад залуус эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үнэ цэнийг ойлгох, хэл шинжлэлийн судалгаанд төрөөс анхаарах, дэмжих зэргийг бодлогын түвшинд ярих ёстой. Судлаачдын бүтээлийг нийтээрээ уншдаггүй, цөөнх нь л мэддэг цаг үед бид амьдарч байна.


иймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чухал байна. Залуу хүний хувьд Монгол Улс нийтийн боловсролыг дээшлүүлэхэд анхаараасай гэж хүсэж байна. Түүнчлэн монгол хэлний цахим хөгжилд түлхүү анхаарах шаардлагатай байна. Цахим орчинд монгол хэлний сан бүрдүүлэх нэн шаардлагатай байгаа юм. Барууны орнуудад цахим хэл шинжлэл хөгжиж байна.


Өнөөдөр залуучууд мэдээлэл түгээхдээ латин үсэг хэрэглэх нь түгээмэл болжээ. Гэтэл ҮХ-д бид кирилл үсгээр бичиж, харилцах ёстой гэж бий. Гэвч нийгмийн шаардлагаар латин үсэг түгээмэл хэрэглэж буй учраас цахим орчны хэл шинжлэлийг хөгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, латин үсгээр бичих галигийг албан ёсоор гаргах хэрэгтэй. Харин цахим орчинд кириллээр бичихдээ зөв бичих дүрмийг баримтлах нь чухал юм. Монгол хэлний үнэ цэнийн тухай дунд сургуулиас эхлээд албан боловсролын хөтөлбөрөөр хүүхдүүдэд маш сайн заах хэрэгтэй. Энэ нь эх оронч үзэл, монгол сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж бодож байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих