МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэж буй энэхүү ойн хүрээнд фото зургийн үзэсгэлэн, ёслолын концерт, баярын хурлын үйл ажиллагаа болох юм. 


Ойн баярын хуралд Монголын бизнесийн салбарын тэргүүлэх  1000 гаруй бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл, ЭСЯ-д болон Танхимын үе үеийн удирдлагууд оролцож байна. Баярын хурлын үеэр “Дэвшилд хөтөлсөн жаран” баримтат кино болон урлаг соёлын арга хэмжээг толилуулна. Мөн Сүхбаатарын талбайд Ёслолын концерт болж, энэ жилийн наадмын хөтөлбөрөөс тоглох юм.


МҮХАҮТ нь 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдаж 12 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 5063 гишүүн байгууллагатай болж цар хүрээгээ өдрөөс өдөрт тэлсээр байна. Энэхүү 60 жилийн ойн баяр нь мянга мянган баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, Монгол Улсад татвар төлөгч, эдийн засгийн эргэлтийг бий болгож буй хүн бүрийн баяр юм.  Төр, хувийн хэвшилд ажилладаг хэн боловч үр шимийг хүртэж яваа энэ салбарт өнөөдөр 1,1 сая хүн ажиллаж, төсвийн орлогын 80 хувийг  бүрдүүлж байна. 


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал. Шинэ жараны үүд нээгдэж байна. Монголын бизнесийн орчны түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй бүхий л дотоод, гадаадын байгууллага, гишүүддээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байна. Улс орны хувьд ачааны хүндийг энэ хүмүүс үүрч яваа. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээн онцоллоо. 


Төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж ирсэн Танхим эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болоод байна. Төр засгийн бодлого шийдвэрт хамгийн нөлөө бүхий зөвлөх, сануулах, сайжруулах, бизнесийн нэгдмэл эрх ашгийг хамгаалах хүчтэй дуу хоолой, судалгааны томоохон төв болон үйл ажиллагаа нь өргөжиж, олон улсад ч тэр хэрээр манай улсын Танхим танигдаж, нэр нөлөөтэй болж чадсан байна.

Сэтгэгдэл бичих