Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд юун тухай ярив?

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн (ЕА) 75 дугаар чуулган Нью-Йорк хотод хуралдаж байна. Коронавирусийн цар тахлаас болоод олонхи төр, засгийн тэргүүн уг чуулганд онлайнаар оролцож байгаа билээ. Тухайлбал, Оросын ерөнхийлөгч Владимир Путин тус чуулганд үг хэллээ. 

 

Хоёр давхар ой 


"Хүн төрөлхтөн энэ жил хоёр түүхэн ой– Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэж байна" гэдгээр тэрээр үгээ эхлэв.

 

“Эгнэгт холбоотой энэ хоёр үйл явдлын ач холбогдлыг үнэлэхгүй байх аргагүй юм. 1945 онд нацизмыг бут ниргэж, түрэмгийлэл, үзэн ядалтын үзэл суртлыг нурааж, харин энх тайван, нийтийн Ялалтын төлөө амссан тэр асар их хохирлыг ойлгосон холбоотны үзэл санаа нь дайны дараах дэлхийн шинэ дэг журам тогтоох боломж олгосон билээ” гэж Оросын ерөнхийлөгч хэлэв.


Дэлхийн энэ дэг журмын үндэс нь НҮБ-ын Дүрэм болон бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, ард түмэн бүр өөрийн хувь заяаг өөрөө шийдвэрлэх эрхтэй байх, хүч хэрэглэхээр сүрдүүлэх юмуу хүч хрэрэглэхээс татгалзах, аливаа маргааныг улс төрийн аргаар зохицуулах зэрэг дүрмийн суурь зарчмууд болсон юм. Элдэв бэрхшээл учирч байгаа хэдий ч НҮБ манай гарагт энх тайвныг сахин хамгаалах, бүс нутгийн элдэв хямралыг даван туулахад туслах өөрийн гол үүргийг биелүүлсээр байна гэж тэр дурдав.

 

НҮБ-ын шинэтгэл

 

“НҮБ царцанги байх ёсгүй, харин өөрийн хөгжилдөө XXI зууны хөгжлийн явцыг тусгаж, орчин үеийн олон туйлт ертөнцийн бодит байдалд дасан зохицох ёстой. Ингэхдээ НҮБ-ын гол байгууллага болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хэвээр байлгах нөхцөлд л уг зөвлөлд шинэтгэл хийж болно” гэж Путин үзэж байна. “Энэ нь томоохон улсуудын хооронд цэргийн шууд мөргөлдөөнд хүргэж мэдэх өрөөсгөл үйлдэл  гаргуулахгүй байх тэр туйлын хэрэгтэй бөгөөд хосгүй хэрэгсэл юм” гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.

 

Түүхийг өөрчлөхийн уршиг

 

Түүхийн сургамжийг мартах, түүнийг санаан зоргоороо тайлбарлах, дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг өөрчлөх нь туйлын хариуцлагагүй үйлдэл хэмээн ерөнхийлөгч үзэж байна. “Ингэх нь нацизмын эсрэг тэмцэгчдийн дурсгалын өмнө үйлдэж буй зүгээр нэг гэмт хэрэг, өөдгүй явдал төдий биш юм. Энэ нь дайны дараах дэлхийн дэг журамд шууд өгч буй сүйтгэлт цохилт юм” гэж тэр хэлэв.

 

Коронавирусийн эсрэг тэмцэл

 

"Хорио цээр тогтоох, хил хаах, коронавирусийн халдварын эсрэг тэмцэх бусад арга хэмжээ олон ард түмэнд хүндээр туссаныг Путин дурдав. Шинжээчид цар тахалтай холбоо бүхий нийгэм-эдийн засгийн цочирдлын цар хүрээ, түүний алс хэтийн бүх уршиг дагаврыг бүрэн дүүрэн үнэлэх хэрэгтэй болно. Гэвч дэлхийн эдийн засгийг сэргээх нь удаан, маш удаан үргэлжлэх ажил гэдэг нь  бүр одоо нэгэнт тодорхой байна" гэв.

 

Шийдвэр, түүний дотор стандарт бус шийдвэрийг бүх нийтээрээ эрж хайх хэрэгтэй гэж ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, коронавирустэй тэмцэхэд хэрэгтэй эн тэргүүний шаардлагатай хүнсний бараа, эм, хувь хүний хамгаалалтын хэрэгслийн үүднээс  худалдааны дайн, хориг арга хэмжээнээс ангид ногоон зурвас бий болгох тухай Оросын саналыг тэр дурдав. “Дэлхийн худалдааг элдэв хаалт, хориг, хязгаарлалт, хууль бус хориг арга хэмжээнээс чөлөөлж цэвэрлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээж, ажилгүйдлийг бууруулахад сайн  тус нэмэр болно” гэж Путин үзэж байна.  II улиралд дэлхийд ажил эрхлэлт буурсан нь 400 сая ажлын байр байхгүй болсон гэсэн үг юм гэж шинжээчдийн хийсэн дүгнэлтийг Путин дурдав.

 

Тоон технологийн хөгжил

 

Энэ технологи нь цар тахлын нөхцөлд боловсрол, худалдаа, үйлчилгээний салбарын тогтолцоог түргэн зуур өөрчилж, янз бүрийн насны хүмүүсийг зайнаас сургах ажил зохион байгуулах боломж олгосныг Путин дурдав. Гэвч одоо тоон технологийг хүмүүст хохиролтойгоор ашиглахгүй байх, радикал, хэт даврагч үзэлтнүүдийн гарт оруулахгүй байх тийм байдлаар дэлхийн хамтын нийгэмлэг ажиллах ёстой гэж тэр хэлэв.

 

Орос улс вакцинаар туслана

 

Орос улс  COVID-19-ийн эсрэг дэлхийн анхны “Спутиник-V” вакциныг бүртгүүлсэн тухай Путин дурдав. Одоо бүх улсын иргэдийг чөлөөтэй вакцинжуулах ажлыг ойрын ирээдүйд хангахын тулд  дэлхийн эмийн аж үйлдвэрийн  бүх хүчин чадлыг ашиглах хэрэгтэй гэж тэр хэлэв.

 

Стратегийн тогтвортой байдал

 

“Элдэв маргаан, санал зөрөлдөөн гарч, зарим хүн дутуу ойлгож тэр ч байтугай үл итгэж байгаа хэдий ч зэвсэглэлд хяналт тавьж, одоо үйлчилж буй гэрээний горимыг бэхжүүлэх хүрээнд оновчтой, нэгтгэгч санал санаачлагыг шаргуу дэвшүүлэх болно. Энэ нь химийн, биологийн болон хорт бодисын зэвсэгт хамаатай юм” гэж Путин хэлэв.

 

2021 оны хоёрдугаар сард үйлчлэх хугацаа нь дуусч байгаа стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай Орос, АНУ-ын гэрээг сунгахыг тэр эн тэргүүний зорилт хэмээн тодорхойлов. Энэ талаар америкчуудтай хэлэлцээ хийж байгааг тэр дурдав. “Цөмийн зэвсэгтэй таван орны” дээд хэмжээний уулзалт хийе гэсэн Оросын саналыг өрнөдийн орнууд дэмжсэн юм. Эпидемиологийн байдал боломж олгомогц л  цөмийн зэвсэг бүхий таван гүрний удирдагчдын уулзалт хийж болох юм гэж тэр хэлэв.

 

Орос улс бас нэг санаачлага дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь сансарт зэвсэг байрлуулах, сансрын объектын эсрэг хүч хэрэглэх юмуу хүч хэрэглэхээр сүрлүүлэхийг хориглохоор зааж, сансрын бүх тэргүүлэх гүрэн оролцсон хэлэлцээр байгуулахтай холбоотой юм.

 

"Бүх улс орныг нэгтгэж буй тэр үнэт зүйлсийн үндсэн дээр дэлхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй" гэж Путин үзэж байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Самбаа - 202.9.46.76Өчигдөр

Атар нөхрийн орчуулга дажгүй шүү. Ирэх 7 хоногийн лхагва гарагт тохиох Дэлхийн орчуулагч нарын баярын өдрийн мэнд уламжилж цаашдын ажил үйл хэрэгт нь амжилтын дээдийг хүсэн ерөөюу...

Самбаа - 202.9.46.76Өчигдөр

Атар нөхрийн орчуулга дажгүй шүү. Ирэх 7 хоногийн лхагва гарагт тохиох Дэлхийн орчуулагч нарын баярын өдрийн мэнд уламжилж цаашдын ажил үйл хэрэгт нь амжилтын дээдийг хүсэн ерөөюу...

Энн - 66.181.161.5Уржигдар

Новш. Вакцинаар улс төр хийхээ болиосой. Тариулсан хүний 30хувь асуудалтай

Энн - 66.181.161.5Уржигдар

Новш. Вакцинаар улс төр хийхээ болиосой. Тариулсан хүний 30хувь асуудалтай

Энн - 66.181.161.5Уржигдар

Новш. Вакцинаар улс төр хийхээ болиосой. Тариулсан хүний 30хувь асуудалтай