Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдлаа

Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна.


Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ДСБХ-ны Энэтхэгийн төвийг байгуулан ажиллуулж байгаа ба гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын мэдээлэл бүхий цахим хуудас ажиллуулах, олон улсын хурал, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санаачлан эхлүүлээд байна.


Уг саналын хүрээнд есдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 17:30 цаг (Энэтхэгийн цагаар 15:00 цаг)-аас 4 цаг гаруй үргэлжилсэн цахим хурлыг зохион байгууллаа.


Цахим хуралд ДСБХ-ны гишүүн сонгуулийн байгууллагуудын удирдлагууд оролцож, COVID-19 цар тахлын үеийн сонгууль зохион байгуулах ажилд тулгамдаж буй асуудлууд, боловсруулан мөрдсөн дүрэм журмын талаар болон сонгуулиа амжилттай зохион байгуулсан улс орнуудын илтгэлийг сонсож, туршлагаа хуваалцав.


Цахим хурлыг Энэтхэгийн сонгуулийн хорооны дарга Сунил Арора нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү цахим хурлаар дамжуулан гишүүн орнууд сонгуулиа цар тахлын үед зохион байгуулж буй талаар, сонгууль зохион байгуулалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажилд хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж байгаа нь цаашид сонгуулиа хойшлуулах бус хугацаанд нь зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Энэтхэг Улсад 2019 болон 2020 онд болсон бүх нийтийн сонгууль, орон нутгийн болон нөхөн, дахин сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” хэмээлээ.



Мөн 2020 онд цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Малави, Өмнөд Солонгос, Монгол зэрэг орнуудын туршлагаас нийтэлсэн товхимлыг ДСБХ-ны Энэтхэгийн төвөөс эрхлэн гаргасан тухайгаа танилцуулж, цахим хуралд оролцогч байгууллагуудад талархал илэрхийлжээ. 


Цахим хурлын ажиллагаа хоёр хэсэгтэй болж, манай улс сонгуулиа хэрхэн зохион байгуулсан талаарх илтгэл, танилцуулгаа эхний хэсгийн хуралдааны үеэр хийв.


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран илтгэлдээ "Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлсэн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан" гэв.

Сэтгэгдэл бичих