Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын III хуралдаан боллоо

Монгол, Хятадын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний 47 дугаар зүйлийн дагуу Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссыг 2013 онд байгуулсан.


Энэхүү хамтарсан комиссын III хуралдааныг энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааны монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Линь нар тэргүүлж, бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.


Хуралдаанаар талууд 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын II хуралдааны протоколын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа, хилийн ус, хил дамнасан ой хээрийн түймэр, хилийн бүсэд хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцож, хилийн боомтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл бичих