“Бэлчээрийн доройтлыг бууруулж, менежментийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлчээр ашиглалт, хамгаалалт, малын чанар сайжруулах, малын эрүүл мэнд, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх түвшинд хангах ажлын хүрээнд аймгуудыг бүсчлэн Архангай, Дорнод, Дундговь, Ховд аймгуудад “Бэлчээрийн доройтлыг бууруулж, менежментийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


Энэхүү зөвлөгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр баруун 5 аймгийн мэргэжилтнүүдийг оролцуулан Ховд аймагт, есдүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн мэргэжилтнүүдийг оролцуулан Дундговь аймагт зохион байгууллаа.


Дундговь аймагт зохион байгуулсан “Бэлчээрийн доройтлыг бууруулж, менежментийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь оролцлоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг баталж, хэрэгжилтийг хангуулахаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулж байна.


Өнөөдрийн зөвлөгөөнд өнгөрсөн хавар цаг хүндэрч, зуншлага оройтсон, одоо ч бэлчээрийн ургац тааруу байгаа аймгуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.


Ус цаг уур орчны судалгаа, шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд нь хүрэлцээтэй, 25 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин, 6.1 хувьд нь 3-5 дахин, 18.3 хувьд нь олон дахин хэтэрсэн гэдгийг анхааруулсан. Ялангуяа Говь-Алтай аймгийн 7 сум, Баянхонгор аймгийн 15 сум, Өвөрхангай аймгийн 7 сум, Дундговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 8 сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Иймд малчид малдаа ангилалт хийж, үржилд тэнцэхгүй хээлтэгч, эр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даацад малын тоог тохируулах, аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг хангалттай бэлтгэж өвөл, хаврыг өнтэй даван туулахад та бүхэн онцгой анхааран малчидтай хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн юм.


Сэтгэгдэл бичих