Шинжээчид: Хойд Солонгос цэргийн парадад бэлтгэж байгаа бололтой

Хойд Солонгос аравдугаар сарын 10-ны парадад бэлтгэж  байна. Хөлөг онгоцны үйлдвэрт пуужин харвах бэлтгэл ажил хийгдэж байгааг мэргэжилтнүүд  анзаарчээ. Түүнчилэн шинэ шумбагч  хөлөг онгоцны тухай элдэв яриа гарч байгааг хэвлэлд бичиж байна. 

Ким Чен Ун ирэх цэргийн парад дээр шинэ зэвсэг үзүүлж  магадгүй нь гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ. Энэ нь зэвсэг юмуу шумбагч хөлөг онгоцноос  пуужин харвах арга хэмжээ байж болох хэмээн ярьцгааж байна гэж Mail Online сайтад бичжээ. 

Эрх баригч намын 75 жилийн ойд зориулан аравдугаар сарын 10-нд цэргийн арга хэмжээ зохиох бололтой.  Хөлөг онгоцны “Sinpo South” заводад хөл хөдөлгөөн ихсэж, түүнчилэн Пхеньян хотын талбайд цэргийнхэн цугларч байгаа нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас  харагдаж байна.

“Бид хэрэг явдлын өрнөлтийг ажиглаж байгаа, учир нь тэнд шумбагч хөлөг онгоцноос  баллистик пуужин харваж, туршиж магадгүй байгаа юм” гэж Өмнөд Солонгосын төлөөлөгч мэдээлжээ.

Пуужин тээвэрлэдэг хөлөг онгоцон дээр бэлтгэл ажил хийгдэж байгаа шинж тэмдгийг мэргэжилтнүүд ажиглаж байгаа аж.   Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ-ын үйлдлийг анхааралтай ажиглаж байна. Хойд Солонгос шинэ пуужин харваж  магадгүй юм гэж Өмнөд Солонгосын нэг генерал түрүүнд  нь мэдэгдсэн юм. 


Б.Атар


Сэтгэгдэл бичих