“Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж, Хөгжлийн шийдэл ТББ болон Азийн сантай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.


Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн сүүлийн үед хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын санхүүжүүлэгч байгууллага, банк, санхүүгийн байгууллагаас үзүүлж байгаа дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт авах боломжийн тухай, мөн түүнчлэн чадавхжуулах сургалт, хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай мэдээллийг нэг дороос эх сурвалжаас нь өгөх, асуулт тодруулга хийх, хариулт авах боломжийг олгох, цаашид тус бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор тус өдөрлөг зохион байгуулагдав.


Энэхүү өдөрлөгт Азийн хөгжлийн банкны жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн төслүүд, Зээлийн батлан даалтын сан, Төрийн банк, Хаан банк, Хас банк зэрэг арилжааны банкууд, Худалдаа хөгжлийн банкны KWF төслийн зээл, GIZ-ийн бизнесийн инноваци хөгжлийн төв, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих BEST хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрлэл”-ийн газар, Азийн сан /Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв/ болон Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг санхүүжилтийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд оролцсон юм.


Нээлттэй өдөрлөгт оролцсон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцогч байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, төрийн болон төрийн бус байгууллагууд, сан, арилжааны банкнуудын үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэгийн үйл ажиллагаануудад хэрхэн хамрагдах талаарх хэрэгцээт мэдээллүүдийг нэг дороос шуурхай авч, сонирхсон асуулт, тодруулгадаа газар дээрээс нь хариулт авч бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж чадсан амжилттай өдөрлөг боллоо.


Тус өдөрлөгийн үер сүүлийн үед Дэлхий нийтээр өргөн хэрэглэх болсон “What3words” апликейшн буюу дижитал аргаар хаягжуулах платформд “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг бүртгэн цахим хаягжилт хийж, ашиглахад бэлэн болсныг мэдэгдэн албан ёсны хаягийг хүлээлгэн өгөв.



 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих