Их Британи улсад коронавирусийн хоёр дахь давалгаа "эхэллээ"

Их Британи улсад коронавируст халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн талаар тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр зарлажээ. Сүүлийн өдрүүдэд Лондон хот болон Английн хойд бүс нутагт нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэн 6000-д хүрч, эмнэлгүүдийн ачаалал өссөн байна. 


“Бид тахлын хоёр дахь давалгаатай тулгарах нь тодорхой боллоо” гэж мэдэгдсэн Борис Жонсон засгийн газар нь хорио цээрийн дэглэмээ сэргээж болзошгүй байгааг анхааруулжээ. “Би хорио цээрийн дэглэмийг хоёр дахь удаагаа орон даяар хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөхийг харж байж шийднэ” гэж тэрээр хэлсэн байна.


Цар тахал эхэлсэн цагаас хойш Их Британи улс АНУ, Бразил, Энэтхэг, Мексикийн дараа коронавирусийн өвчлөлөөр хамгийн олон хүнээ алдсан дэлхийн тав дахь улс болсон юм. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Англид өдөрт 6000 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн 3200 орчмоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.


Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок орон даяар хорио цээрийн дэглэмийг хоёр дахь удаагаа тогтоох нь хамгийн сүүлчийн шатанд авах арга хэмжээ бөгөөд одоогоор ямар нэг төлөвлөгөө байхгүй байгааг мэдэгдсэн байна. Вирусийн тархалт өссөн бүс нутгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон ба үүнд нийт 10 сая гаруй хүн хамрагдаад байгаа аж.


Сэтгэгдэл бичих