“Сэлэм” барьж танхайрсан С.Бямбацогтыг хар тамхи хэрэглээгүй гэж Дээд шүүх үзлээ

Сэлэм барьж олон нийтийн газар танхайрсан бичлэг нь нэг хэсэг дуулиан тарьсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард ийм хэрэг өдүүлээд хоёр хоногийн дараа найз Н.Мөнх-Учралынхаа түрээсэлж байсан байранд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан үндэслэлээр саатуулагдсан юм. ШШҮХ-гийн шинжээчид С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарын шээсэнд шинжилгээ хийгээд “С.Бямбацогт нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй. Шинжилгээнд ирүүлсэн “С.Бямбацогт 2017.11.14” гэж хаягласан шээсэнд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамин НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын 1971 оны жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн “Н.Мөнх-Учрал 2017.12.11 15.50” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна” гэж дүгнэсэн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцож, хар тамхи хадгалсанд нь нэг, нөгөө үйлдэлд нь хоёр жил хорих ял оноохоор болсон. Мөн шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэрэгт нь 30 хоног хорих ял нэмсэн талаар бид өнгөрсөн зургадугаар сард дэлгэрэнгүй мэдээлж байв. Харин давж заалдах шатны шүүх хар тамхи хадгалсан, худал мэдүүлэг өгсөн үйлдлийг нь тусгаарлан шалгуулахаар буцаахаар шийдвэрлэж, сэлэм эргүүлж танхайрсан үйлдэлд нь хоёр жил хорих ял оноосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм.

Харин Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцээд бусдын амгалан тайван байдлыг алдуулж танхайрсан үйлдэлд нь ял оноосон нь үндэслэлтэй гэж дүгнээд хар тамхи хадгалсан үйлдлийг нь хангалттай нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосноор С.Бямбацогт хоёр жил хорих ял эдлэхээр болж, нөгөө холбогдогчийг нь хариуцлагаас чөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих