Азүмарюү С.Тодбилэг коронавирусийн халдвар авчээ

Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрсний нэг нь Монголын тамирчин гэж мэдээлжээ. Тодруулбал дээрх дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй Монголын Азүмарюү С.Тодбилэг аж.


Анх тус дэвжээний доод зиндааны нэг бөх эмнэлэгт хэвтэж, шинж тэмдэг илэрснээр бүгдэд нь коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байна. Одоогоор тэдгээр 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ гэрийн тусгаарлалтад орсон гэнэ.


Дашрамд дуулгахад, тус дэвжээ нь 28 бөхтэй бөгөөд тэднийг ирэх ням гарагт эхлэх намрын тэмцээнд барилдуулахгүй гэдгийг Сүмогийн холбооноос шийдвэрлэжээ. Мөн дэвжээний эзэн озэки Точиазүма ч башёгийн явцад шүүгчээр ажиллахгүй аж.

Сэтгэгдэл бичих