Судалгаа: "Ковид-19" халдварыг 60-с доош насны хүмүүс гурав дахин илүү тараадаг байна

Дэлхийн улс орнуудын коронавирусний эсрэг хийсэн судалгаа шинжилгээнээс тоймлон хүргэж байна.

Германы Эрфурт их сургуулийн судалгаагаар маск зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс  долоо дахин илүү гар угааж, гар барихаас 20 дахин илүү татгалздаг, зайн хязгаарлалтыг 13 дахин илүү дагаж мөрддөг байна.  Тэд амны хаалт хэрэглэх нь Ковид-19-өөс сэргийлэх бага өртөгтэй, үр өгөөжтэй, бусад арга хэмжээг дагаж мөрдөх үндэс суурь болдог зөв арга хэмжээ хэмээн дүгнэжээ. 

АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-ийн халдварыг 60-с доош насны хүмүүс гурав дахин илүү тараадаг бөгөөд ялангуяа нас залуужих тусам улам их халдвар дамжуулдаг болохыг тогтоосон байна.

Сингапурын судлаачид "Ковид-19" халдварын хүнд хэлбэрийг үүсгэдэг хэв шинжийг илрүүлжээ. Энэхүү хэв шинжийн вирусийн халдвар авсан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өндөр магадлалтай гэж үзжээ.

АНУ-ын эрдэмтдийн судалснаар "Ковид-19" халдвар нь чийглэг орчинд хуурай агаартай орчноос 23 дахин удаан хугацаанд оршдог болохыг тогтоосон. Ийм орчинд агаар дахь халдвар бүхий дуслууд 4-5 метр зайд тархах боломжтой гэв.

Ази номхон далайн бүс нутагт Ковид-19-ийн халдвар голомтлон гарч байгаа нь хөлдөөсөн хүнсээр дамжин халдварласан болохыг Сингапурын биологичид туршилт судалгаагаар тогтоожээ.

Их Британи улсын эрдэмтдийн баг Англи, Франц, Герман, Итали, Голланд, Португали, Өмнөд Солонгос, Испани зэрэг найман орны "Ковид-19" халдварын мэдээлэлд дүн шинжилгээ хийн хүйсийн ялгааг судалсан байна. Уг судалгаагаар 10,000 хүн амд ногдох эрчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад дөрөв дахин илүү байна.

Хятадын Фудан Их сургууль, Их Британи улсын Оксфордын их сургууль, АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд олон улсад мэдээллийн урсгал хэрхэн тархсан болон улс орнууд хариу арга хэмжээ хэрхэн авсан талаар судалжээ. Судалгаагаар ДЭМБ-аас "Ковид-19"-цар тахлыг зарлах үед ихэнх улс орнууд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч эхлээгүй бөгөөд дотооддоо тохиолдлын тоо өссөн үед хариу арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүнчлэн буруу ташаа мэдээллийн улмаас Хятад улсад ургамлын гаралтай эмүүдийн худалдан авалт ихэссэн бол бусад орнуудад хумхаа өвчний эсрэг эмүүд эрэлттэй болжээ.

unuudur.mn

Сэтгэгдэл бичих