COVID-19: АНУ халдварын тоогоор тэргүүлсэн ч ДЭМБ-ын вакцинаас татгалзав

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 25,5 саяыг давлаа. Халдварын тоогоор хамгийн их байгаа улс нь АНУ бөгөөд энэ улсад халдварын дэгдэлтийг хязгаарлах үүднээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

 

Гэхдээ хүн бүр хязгаарлалтын журмыг дагахгүй байгаа бололтой. Тухайлбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн хөл хорионы улмаас хаагдсан үсчний газар руу орж яваа нь ажиглалтын камерт бичигдэж, энэ үйлдлийг Америкийн хэвлэлүүд ихээхэн шүүмжлэн мэдээлжээ. 

 

Хэдийгээр дэлхий даяар цар тахал зогсоогүй байгаа ч олон оронд  сургалтын үйл ажиллагааг сэргээн, нөхцөл байдалд зохицон амьдрахаар хичээж байна. Улс орон бүр өөр өөр арга хэмжээ авч байгаа бөгөөд, тухайлбал Куба улсад бүх хүүхэд амны хаалт зүүх журам гаргасан бол Их Британид амны хаалт зайлшгүй зүүх шаардлагагүй, гагцхүү сургууль дээр зай баримтлахад л болох гэнэ. Харин Колумбийн засгийн газар хориг арга хэмжээгээ ихээхэн сулруулж, нисэх буудал, зоогийн газар, спорт танхимаа нээж, газар доогуурх тээврийн үйл ажиллагааг сэргээжээ. 

 

Дэлхий даяар олон нийтэд вакцин хүртээмжтэй болох үеийг хүлээж байгаа энэ мөчид АНУ коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулах олон улсын хүчин зүтгэлийг дэмжих бодолгүй байгаа гэнэ. Учир нь энэ ажил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой учир АНУ ийнхүү дэмжихгүй байх шийдвэр гаргажээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ байгууллагыг авлигад идэгдсэн гэж АНУ үзэж байгааг сануулсан байна. Эргэн сануулахад АНУ өнгөрсөн долдугаар сард ДЭМБ-аас гарна гэж мэдэгдсэн бөгөөд 2021 оны долдугаар сард энэ шийдвэр хүчин төгөлдөр болох юм. 

 

Ийнхүү ДЭМБ-ын вакцинаас татгалзаж буй АНУ коронавирустэй тэмцэхэд олон улсын түншүүдээ татан оролцуулсаар байх болно гэж мэдэгдээд өөрсдийнх нь боловсруулсан вакцины туршилт амжилттай явагдаж байгааг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

Сэтгэгдэл бичих